ОРХОН: Оюутан цэргүүд 11 төрлийн цэргийн мэргэжилд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-07-30 12:20:44

Баян-Өндөр,2025 оны долоодугаар сарын 30/МОНЦАМЭ/. Оюутан цэргүүд буудлагын дасгал хийх, сургуулийн буудлага, тасгийн байлдааны буудлагыг амжилттай гүйцэтгэхээс гадна цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшихээр суралцаж байна.


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг суралцах хугацаанд нь цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулан эх оронч, оюунлаг, боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой. Энэ жил Улаанбаатар хот болон бүсчилсэн хэлбэрээр хөдөө орон нутаг дахь Зэвсэгт хүчний ангиудыг түшиглэн зохион байгуулж байна. Оюутан цэргүүдийг цэргийн албанд дасгах сургалт, цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт, цэргийн мэргэжил олгох сургалт, тасаг тоотын жигдрэлтийн сургалт гэсэн 4 үе шаттайгаар явагдаж, 5, 10, 20, 30 км-ийн марш, хоногийн сургуулийг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.


2025 оны "Оюутан цэрэг"  хөтөлбөрт Орхон, Хөвсгөл, Булган аймаг, Улаанбаатар хотын  100  орчим  оюутан залуус цэргийн мэргэжлийн  бэлтгэл сургалтад хамрагдаж байна. "Оюутан цэрэг"  хөтөлбөрийн  сургалтын  үйл ажиллагаатай Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ч.Энхбаяр танилцлаа. 


Оюутан цэрэг хөтөлбөрийн тангарагийн баяр ирэх сарын 10-нд улс орон даяар нэгэн зэрэг болно.






Related news