М.Оюунчимэг: Хүүхдийн эрхийг хамгаалахад 14 тэрбум төгрөг шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-29 17:05:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар М.Оюунчимэг гишүүнээс “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” ХЗДХ-ийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Монгол Улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид нэгдсэн. 2016 онд УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг хуулийг баталжээ. Ингэснээр хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрхзүйн орчин бүрдсэн гэдгийг ХЗДХ-ийн сайд асуулгын хариуг танилцуулахдаа онцлов.
Тэрбээр, “2017 онд гарсан гэмт хэргүүдийг нэгтгэсэн “Гэмт хэргийн цагаан ном” гарсан бөгөөд үүнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой судалгаа, мэдээллийг дэлгэрэнгүй оруулсан. Мөн хүүхдийн эрхийг зөрчих гэмт хэргийн судалгааг 2013-2017 онд, бэлгийн хүчирхийллийн судалгааг 2014-2017 онд хийсэн.  Улсын хэмжээнд өнгөрсөн онд 1.3 сая зөрчил бүртгэгдсэн бөгөөд үүнээс 4369 нь гэр бүлийн хүчирхийлэл байв. Зөрчил гаргасан 1480 иргэнд торгох, 2289 хүнийг баривчлах шийтгэл ногдууллаа. Улсын хэмжээнд хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийлэл олны анхаарлыг татсан хэвээр байна. Тиймээс Засгийн газар болон холбогдох байгууллагууд энэ чиглэлээр идэвхтэй ажиллах болно. Тухайлбал, ЦЕГ болон Нийслэлийн цагдаагийн газарт хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тасаг байгуулсан. ХНХЯ-наас “Хүүхдийн тусламжийн 108” дугаарын утас ажиллуулж, “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний түр байр” байгуулахаар ажиллаж байна” гэлээ.

Монгол Улсад гарч буй гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийлэл нь архидалт, ажилгүйдэлтэй холбоото гэдгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ үеэр хэллээ. Мөн тэрбээр хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсөн өнгөрүүлэх, өөрийгөө нээх боломжийг бүрдүүлэх зорилгоор улсын хэмжээнд номын сан, спорт цогцолбор байгуулах чиглэлд Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай байгааг дурьдлаа.

Монгол Улсад Хүүхдийн эрхийг хамгаалах хууль, дүрэм журам хангалттай олон байгаа ч хэрэгжихгүй байгааг М.Оюунчимэг гишүүн шүүмжлэв. Мөн эдийн засгийн болон бусад хүндрэлээс үүдэн орон тооны цомхотгол хийхэд ихэвчлэн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд өртдөг гэдгийг хэллээ. Тухайлбал, 2012 онд цагдаагийн байгууллагаас Хүүхдийн байцаагчийн орон тоог цомхотгосноос хойш гэмт хэргийн гаралт огцом нэмэгдснийг дурьдсан юм.

Сүүлийн жилүүдэд цахим орчинд хүүхдийн эрхийг зөрчих асуудал ихээхэн гарч буйг Ё.Баатарбилэг гишүүн хэллээ. Мөн ХЗДХЯ-наас цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хууль боловруулж, батлах шаардлагатай байгаа гэв.

Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Дорноговь, Замын-Үүдэд эрүүгийн нөхцөл байдал маш хүнд байдаг. Хүүхэд алга болсон, бага насны хүүхдийг хүчирхийлсэн зэрэг сэтгэл эмзэглүүлсэн хэргүүд гарсан. Тиймээс Цагдаа, хуулийн байгууллагын хүн хүч, орон тоог нэмэх шаардлагатай байна” гэлээ.

Цагдаагийн байгууллагын орон тоог 2700 албан хаагчаар нэмэх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа хэмээн ХЗДХ-ийн сайд хариулав. Түүнчлэн Засгийн газар, ОУВС-тай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд орон тоо, төсөв нэмэх боломж бүрдэхгүй байгааг тайлбарлав.

Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гэр хорооллын гудамж, талбайг камержуулах замаар гэмт хэрэгтэй тэмцэх нь чухал гэдгийг онцлов.

Хэлэлцэж буй асуудлын төгсгөлд Мөн М.Оюунчимэг гишүүн, “Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгаалах тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхэд 2016 онд ердөө 399 сая төгрөг төсөвлөж байсан. Харин өнгөрсөн онд УИХ-ын эмэгтэй гишүүд шаардсаны хүчинд энэ мөнгийг 5 тэрбум төгрөгт хүргэсэн юм. НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан судалгаар Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалахад жилд 14 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай байгаа. Тиймээс ирэх оны төсвийн төсөлд хүүхдийн эрхийг хамгаалах төсвийг нэмэх хэрэгтэй. Мөн хүүхдийн тоглоомийн талбай, нийтийн эзэмшлийн газруудыг тодорхой хариуцах эзэнтэй болгоход Засгийн газар анхаарлаа хандуулах нь чухал” гэлээ.
Ч.Ариунболд
Related news