Хүүхдийн гэр сургалт Баян-Адрага суманд нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Баян-Адрага суманд өнөөдөр хүүхдийн гэр сургалт нээлтээ хийлээ.
Тус сумын нутагт байрлах “Монгол хатдын хүндэтгэлийн өргөө цогцолбор”-ыг санаачлагч, “Уламжлалт өв соёлын гэр төв” ТББ-ын тэргүүн М.Мөнхбатын санаачлагаар 2014 онд анх удаа зохион байгуулагдаж байсан “Хүүхдийн гэр сургалт” энэ жил гурав дахь жилдээ болж байгаа юм.
Энэхүү сургалт нь Хэнтий нутгийн хойч ирээдүй болсон өсвөр үеийн хүүхэд багачуудад эртнээс уламжилж ирсэн өв соёлоо зааж сургах, сурталчлан таниулах, нүүдэлчдийн өдөр тутмын амьдралын хэмнэлд суралцуулах, өвөг дээдсийнхээ үүх түүхийн талаар мэдлэгтэй болгоход чиглэгддэг. Энэ жилийн “Хүүхдийн гэр сургалт”-ыг Түүхийн ухааны доктор, профессор О.Сүхбаатар, доктор Ц.Минжин, Зан үйл судлаач, хүний их эмч н.Жаргалбаяр, “Цагаан лавай” гэгээрлийн гэр өргөөний тэргүүн, Ардын боловсролын тэргүүний ажилтан Хэнтий аймгийн тахиа жилийн оны алдартан Ү.Баттөр, нэрт бясалгалч, хамба лам П.Сүхбат нарын Монголын сор болсон эрдэмтэн судлаачид удирдан явуулж байна.
Сургалтад энэ жил 50 хүүхэд хүлээн авахаар төлөвлөсөн бөгөөд хүүхдүүд сургалтын туршид уламжлалт Монгол гэрт 10 хоногийн турш нүүдэлчдийн амьдралаар амьдарч, түүх ёс заншилд суралцах ажээ. Сургалтыг санаачлан зохион байгуулагч “Уламжлалт өв соёлын гэр” ТББ-ын тэргүүн М.Мөнхбат хэлэхдээ: “Монгол гэр бол гайхамшиг. Гэрийн амьдрал хамгийн амь бөхтэй, ойр дотно амин холбоо байдаг. Тиймээс энэхүү гэр сургалтыг санаачлан зохион байгуулж, түгээн дэлгэрүүлж буйдаа баяртай байна” гэлээ.
Д.Одонтунгалаг