“Улаанбаатар марафон 2018”-д 30 мянга гаруй иргэн оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-05-19 09:44:46
Улаанбаатар/МОНЦАМЭ/.“Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн тэмцээний нээлт Төв талбайд  боллоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын хорооноос хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар марафон 2018” гүйлтэд 30 мянга гаруй иргэн оролцохоор мэдүүлэг өгчээ.

Уг марафонд  5000 метрийн 18-35 нас, 36-54 нас, 55-аас дээш насны  ангилалд хамгийн их хүн хамрагджээ.

Гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, спортоор хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор “Улаанбаатар Марафон” олон улсын тэмцээнийг 5 дахь жилдээ зохион байгуулж байна.

“Улаанбаатар марафон 2018”-олон улсын гүйлтийн тэмцээнээс 5000 метр, 10 км, 21 км, 41 км-ийн зайд 1-10 дугаар байрт шалгарсан 60 тамирчныг шагнаж урамшуулах юм. “Улаанбаатар марафон 2018” гүйлтэнд Австрали, АНУ, Бахрейн, Болив, Итали, Малайз, Канад, Франц, Этиоп, Япон, ОХУ, Испани зэрэг дэлхийн 30 орны тамирчид болон сонирхогчид оролцож байна. Тухайлбал  Кени улсаас  марафон гүйлтийн дээд амжилт тогтоосон Тум Давид Киплагат, Челенга Роберт Кипротич, Жемутай Мерси нарын тамирчид иржээ.  



Гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж 2014 онд 16839, 2015 онд 18085, 2016 онд 27000, 2017 онд 30 мянган иргэн хамрагдсан бол 2018 онд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч буй гадны иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид оролцож байгаа аж.

Тэмцээний үеэр иргэдийг уралдаанд гарахын өмнө болон барианд орсны дараа эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, заавар зөвлөгөөг эмч, мэргэжилтнүүд өгч байна.

Дашрамд дурдахад "Улаанбаатар марафон 2018" олон улсын гүйлтийн тэмцээнийг МҮОНРТ, TV-5, UBS, MNC телевиз шууд дамжуулан хүргэж байна.

Б.Заяа
Related news