“Хямралын удирдлагын аудитын ажлын хэсэг” III чуулга уулзалт БНСУ-д боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн БНСУ-д албан айлчлал хийлээ.
Тэрбээр Сөүл хотноо болсон Аудитын дээд байгууллагуудын Азийн байгууллагын “Хямралын удирдлагын аудитын ажлын хэсэг”-ийн III чуулга уулзалтад оролцсон юм. Ерөнхий аудитор С.Магнайсүрэн чуулга уулзалтад коронавируст цар тахлын үеэр Монгол Улсад зохион байгуулсан “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны үр дүнд хийсэн бодит цагийн аудитын талаар танилцуулж, туршлагаа хуваалцав.
Мөн тэрбээр БНСУ-ын Аудит, хяналт шалгалтын зөвлөлийн Комиссар, Орлогч дарга Ким Инхоетай уулзлаа. Энэ хүрээнд сайн туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хөгжүүлэх талаар талууд санал солилцсон юм.