Шинэ технологийн дүнд жилд 2 тэрбум төгрөг хэмнэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 13:30:25

“Эрдэнэт үйлдвэр” ХХК ган бөөрөнцөг цувих цехийн зуухаа хийжүүлсэн нүүрсээр ажиллуулж эхэллээ. Ингэснээр жилд хоёр тэрбум төгрөгийн хэмнэлт гарч 50 мянга тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэнэ.

Хийжүүлсэн нүүрсээр ажиллах энэ технологид тус үйлдвэр 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд гаргасан зардлаа жилийн хугацаанд нөхөх боломжтой ажээ. Энэ технологи нь Монгол Улсад анх удаа нэвтэрч байгаагаараа онцлог юм. Иймд түүхий нүүрсээ металлургийн нүүрсээр солих хэрэгтэй гэнэ.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь жилд 29 мянган тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэдэг. Хоногт 18-20 сая төгрөгийн өртөг бүхий 10 тонн дизель түлш зарцуулдаг байсан бол одоо нүүрсээ хийжүүлсэнээр бүтээгдэхүүний өртөг 33 хувиар буурч байна. Ийнхүү технологийн шинэчлэлийн үр дүнд 16 ажлын байр шинээр нэмэгджээ. Дашрамд дурдахад, тус үйлдвэр 40, 60, 80, 100  мм-ийн голчтой ган бөөрөнцөг үйлдвэрлэдэг бөгөөд үүнийгээ тээрэмд хийж хүдэр буталж боловсруулахад ашигладаг юм. 

Б.Оюун-Эрдэнэ

Related news