Спортын мастер М.Мягмардорж агсныг эргэн дурслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-02-20 23:27:17
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн МСҮТ, “Соддент” шүдний эмнэлэг, Сагсан бөмбөгийн “Сүлд” баг, Монголын цахилгаан холбоо, “Хэнтий Ус” ХХК, гэр бүл, ах дүү, найз нөхөд нь хамтран Спортын мастер М.Мягмардорж агсаныг эргэн дурсаж, түүний нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд Хэнтий аймгийн МСҮТ-ийн 2005-2017 оны төгсөгчид болон сагсан бөмбөгийн дугуйланд хамрагддаг  шавь нар нь оролцлоо. Эрэгтэйчүүдээс Цахилгааны ангийн 2010 оны төгсөгчид, Автын ангийн 2015 оны төгсөгчид, Худалдааны ангийн 2016 оны төгсөгчид эхний гурван байранд шалгарсан бол эмэгтэйчүүдээс Худалдааны ангийн 2016 оны төгсөгчид, Барилга заслын ангийн 2009 оны төгсөгчид, 2018 оны охидын баг тус тус тэргүүлжээ. Харин Шилдэг эмэгтэй  тоглогчоор 2009 оны төгсөгч М.Мария, Шилдэг эмэгтэй холбогчоор Худалдааны ангийн төгсөгч Х.Хонгорзул, Шилдэг эмэгтэй хамгаалагчаар 2018 оны суралцагч н.Хулан, Шилдэг эрэгтэй холбогчоор 2015 оны Автын ангийн төгсөгч Х.Чагнаадорж, Шилдэг эрэгтэй довтлогчоор 2010 оны төгсөгч  н.Наранхүү, Шилдэг эрэгтэй хамгаалагчаар 2010 оны төгсөгч н.Баяр-Эрдэнэ нар шалгарчээ.

Спортын мастер Мөнхцэцэг овогтой Мягмардорж нь 1983 онд Булган аймгийн Булган суманд төрсөн бөгөөд 2004 онд “Аварга” Биеийн тамирын дээд сургуулийг Биеийн тамирын багш, арга зүйч мэргэжлээр төгсөн Хэнтий аймгийн МСҮТ-д Биеийн тамирын багшаар ажиллах болжээ. Түүний хувьд  МСҮТ-д 2017 оныг хүртэл тасралтгүй 13 жил ажилласан туршлагатай, ажил мэргэжилдээ сэтгэлтэй, тэргүүний залуу багш нарын нэг байсан юм. Түүний амжилтаас товч  дурдвал:
  • 2004 онд Дорноговь аймагт зохиогдсон Зүүн бүсийн МСҮТ-үүдийн гар бөмбөгийн тэмцээнд 3-р байр, Буухиа тэмцээнд 1-р байр,
  • 2004 онд Багш нарын баярын сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож, “Шилдэг тэгш тоглогч”
  • 2005 онд Сүхбаатар аймагт болсон Зүүн бүсийн бага олимпийн Гар бөмбөгийн тэмцээний Алтан медаль,
  • 2005 онд Монголын багш нарын баярын нэрэмжит Гар бөмбөгийн тэмцээнд 3-р байр, сагсан бөмбөгийн тэмцээнд 1-р байр “Шилдэг тоглогч”,
  • 2010, 2011, 2012 оны Хэнтий аймгийн багш нарын баярын гар бөмбөгийн тэмцээнд 3, 2, 1-р байр
  • 2012 онд Мэргэжлийн сургуулиудын Улсын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд 3-р байр,
  • 2016 онд Бүсийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээнд 1-р байр,
  • 2016 онд Мэргэжлийн сургуулиудын Улсын аварга шалгаруулах Гар бөмбөгийн тэмцээнд 2-р байр Мөнгөн медаль тус тус хүртэж байжээ.
  • Д.Одонтунгалаг
Related news