О.Хонгорзул: Үргэлж шинэ зүйлийг сурч хөгжих хүсэлтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Баян хангайнхаа ургамлын дээжийг судлаач Батширээт сумын унаган охин О.Хонгорзулыг онцолж байна. Тэрбээр ШУА-ын Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын нэрэмжит Залуу судлаачийн Грантын эзэн болсон юм. Үеийн залуусынхаа үлгэр дууриал болж, төрөлх нутгийнхаа хүүхэд багачуудад ховордсон ургамлуудыг танилцуулах хүсэл өвөрлөн яваа түүнтэй ярилцлаа.
-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын нэрэмжит Залуу судлаачийн Грантын эзэн болсонд тань баяр хүргэе. Энэ шагналыг хүртэхийн тулд ямар шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бэ?
-Баярлалаа. Монголын залуу эрдэмтдийн холбооноос жил бүр 35-аас доош насны эрдэмтдийн дунд зохион байгуулдаг энэхүү “Хүрэл тогоот” хурал нь байгалийн ухаан, хөдөө аж ахуй-биологи, анагаах ухаан зэрэг зургаан салбар чиглэлээр зохиогддог, нэр хүндтэй хурал юм. Судлаач хүний ажлыг үр дүн, ач холбогдлоос гадна хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл, тайлан, ном хэвлүүлж байна вэ, хэрхэн өөрийгөө хөгжүүлж байна вэ гэдгээр нь дүгнэдэг томоохон хурал. Би хөдөө аж ахуй- биотехнологийн салбарт Тэргүүн байр эзлэн, БСШУ-ны Сайдын нэрэмжит Судалгааны Грантын эзэн болсон. Грант гэдэг нь тухайн судлаачийн ажлыг дэмжин, цаашид хийх ажилд нь дэм болох зорилгоор олгодог мөнгөн урамшуулал юм. Хоёр дахь удаагаа оролцож түрүүлсэндээ баяртай байна. Би урьд нь 2012 онд энэ хуралд оролцож байсан. Энэ удаад маш их хичээж, илтгэлээ дахин дахин бэлтгэж, судалгааны ажлын үр дүнгээ боловсруулан өгүүлэл бичиж хэвлүүлсэн. Мөн хамт ажилладаг докторуудаасаа заавар зөвлөгөө авч оролцсон доо. Мөн энэ жил анх удаа Хоккайдо-Монголын харилцааны нийгэмлэгээс энэхүү хуралд түрүүлсэн зургаан судлаачийг Япон улсын Саппоро хотод зохиогдсон “Хөгжлийн гарц-Шинжлэх ухааны хэрэглээ” хуралд урилгаар оролцуулсан.
-Эрдэм шинжилгээний бага хуралд оролцоход хувийн бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ?
-Ер нь бүх эрдэм шинжилгээний ажилтнууд жил бүр 1-2 эрдэм шинжилгээний хуралд оролцон, бусадтай мэдээлэл солилцох, өөрийгөө сорих, ажлаа бусдад түгээх төлөвлөгөөтэй ажилладаг. Тийм болохоор байнга л хийсэн ажлаа үр дүнг нь нэгтгээд, боловсруулж тогтмол бэлтгэлтэй байдаг гэх үү дээ. Яг уралдаан тэмцээнд оръё, эсвэл илтгэл тавья гэвэл ажлаа товч, цэгцтэй, хүнд ойлгомжтой байдлаар хураангуйлна. Бид бол илтгэлээ боловсруулалт сайн хийсэн, график, зураг түлхүү оруулсан, мэдээллийн эх үүсвэрээ дурдсан байдлаар хийж бэлддэг. Бас дээр нь ярихдаа цэгцтэй, түгдрэлгүй байхын тулд олон дахин ярьж үздэг. Мөн хуралд оролцож буй илтгэлээ цагт нь дуусгах, асуултуудад оновчтой хариулах ёстой. Тэгэхийн тулд их юм унших хэрэгтэй болно. Би янз бүрийн мэргэжлийн хүмүүсийг хамарсан хуралд оролцох их сонирхолтой, хэрэгжүүлж болмоор өөр өөр санаанууд гарч ирдэг. Ер нь л байнга суралцаад л явж байдаг.
-Одоо хоёулаа О.Хонгорзулын боловсрол эзэмшсэн цаг хугацаагаар аялъя?
-Баярлалаа. Би 1988 онд Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн. Батширээт, Биндэр сумын ЕБС-д суралцаж төгссөн. Дараа нь МУИС-ийн Биологийн факультетэд 2005-2009 онд суралцаж бакалаврын, 2011-2013 онд магистрын зэрэг дүүргэсэн. 2011 оноос Биологийн хүрээлэнд ажиллаж байгаа. Одоо Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, Ургамлын биотехнологийн лабораторт Монгол орны ашигт болон ховордсон ургамлуудыг биотехнологийн аргаар үржүүлэх чиглэлийн судалгааг хийдэг.
-Энэ мэргэжлийг сонгоход юу нөлөөлсөн бэ? Багаасаа тэмүүлж байсан мэргэжил тань мөн үү?
-10 дугаар анги төгсөөд аймагт ирж биологийн хичээлээр конкурсдээд хоёрт жагсч МУИС-ийн Биотехнологийн ангийн хуваарь авч байсан. Гэхдээ бүр багаасаа биологи чиглэлээр явна гэж боддоггүй байсан л даа. Гэсэн ч их сонирхолтой хичээл юм шиг санагддаг байсан. Хими, биологийн суурь хичээлүүдийг зааж сургаж, сонирхлыг маань хөгжүүлсэн Батширээт сумын сургуулийн багш Ц.Дуламханд, Биндэр сумын биологийн багш Л.Эрдэнэтуяа, химийн багш Г.Ганцэцэг нарт их баярладаг. Оюутан байхдаа МУИС-ийн Биологийн факультетийн Биохимийн тэнхимд профессор Д.Пүрэв багшийнхаа удирдлага дор лабораторт ажиллаж, шил сав, бодис урвалжтай ажиллаж эхэлсэн үеэсээ энэ чиглэлийн ажилд дуртай болсон. Д.Пүрэв багш маань нягт нямбай байх, шударга байхыг үлгэрлэж өгсөн. Тэр бүр хэлэх боломж олдоод байдаггүй болохоор завшааныг ашиглаад багш нартаа талархаж явдгаа хэлэхийг хүсч байна. Хэдийгээр би тийм их амжилтанд хүрч, мундаг хүн болоогүй байгаа ч бүх эрдэмтэн багш нартаа баярлалаа.
-Ургамлын биотехнологийн лабораторт ямар ургамлуудыг үржүүлдэг вэ? Энэ чиглэлийн судалгааны ажлын чиглэл, зорилго, онцлог нь юу вэ?
-Би эмийн бамбай, эгэл годил өвс, буржгар сараана, морин шарилж зэрэг манай оронд тархац нөөц нь багассан, эмийн гоц ашигт ургамлуудыг биотехнологийн аргаар үржүүлэн олшруулах, ашигт бодисын судалгаа хийх чиглэлээр ажилладаг. Ургамлын биотехнологийн чиглэл нь Монголд 30-40 жилийн өмнө анх суурь нь тавигдаж вирүсгүй эрүүл төмс гаргаж аван амжилттай ажилласан байдаг. Лабораторийн эрхлэгч, доктор Ю.Оюунбилэг гуай тэр үед бас ажиллаж байсан бөгөөд энэ салбарын пионер ажлыг гүйцэтгэж явсан хүмүүстэй хамт ажиллаж, суралцаж байгаадаа баяртай явдаг.
Одоо манай лаборатори in vitro-д (хуруу шилэнд) ургамлыг өсгөвөрлөх, ex vitro-д (хүлэмж, гадаа талбайн хөрсөнд) шилжүүлэх, тухайн ургамалд агуулагдаж байгаа ашигтай нэгдлийг илрүүлэх, генийн инженерчлэлийн аргаар түүнийг нэмэгдүүлэх боломжтой юу, үгүй юу гэдгийг судлах зэрэг дээр төвлөрч ажиллаж байна.
In vitro гэдэг нь хуруу шилэнд ургуулах арга юм. Ургамлын аль нэг эд, эрхтнээс аваад хуруу шилэнд суулган зохих бодисуудыг нэмж өгөхөд яг эх ургамалтайгаа ижилхэн шинэ ургамал нөхөн төлждөг онцлогтой. Эмийн болон үйлдвэрийн зориулалтаар их хэрэглэдэг ургамлуудын нөөц нь багасах хандлагатай байдаг тул бид орчин үеийн аргаар лабораторийн нөхцөлд ургуулдаг. Энэ нь уламжлалт аргаар тарималжуулах ажлыг бодвол хүн хүч, цаг хугацаа бага шаарддаг, хүссэн туршилтаа хийж болдог давуу талтай. Ажил маань их сонирхолтой шүү.
-Цаашид хийхээр төлөвлөсөн судалгаа шинжилгээний ажлынхаа талаар сонирхуулаач?
-Манай байгууллага 3, 3 жилийн хугацаатайгаар Засгийн газрын төслүүд хэрэгжүүлж ажилладаг. Одоо 2017-2019 онд хийж гүйцэтгэх төсөлд оролцож, Монголд ургадаг 100 орчим зүйл шарилжийн нэг болох Морин шарилжийг хуруу шилэнд ургуулах, эмийн ашигтай бодисыг нь судлах зорилготой ажиллаж байна. Цаашид ашигтай нэгдлийг генийн инженерчлэлийн аргаар нэмэгдүүлэх боломжийг судлахаас гадна, дээр дурдсан Монгол орны Улаан номонд (1997) орсон ховор эмийн ургамал- Эмийн бамбайг биотехнологийн аргаар үржүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх төсөл дээр ажиллана. Эмийн бамбайг хүмүүс бамбайн ханд, валидол зэрэгт ордгоор нь мэдэх байх. Манай аймгийн хангайн бүсийн сум Батширээт, Биндэр, Дадалд их ургадаг. Шарилж, эмийн бамбайг нутгийн ардууд уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг тул мэднэ байхаа.
-Сонирхолтой ажил юмаа. Үндсэн ажлынхаа хажуугаар олон нийтийн ажлын идэвх оролцоо сайтай гэж байсан. Ямар ямар ажлуудад оролцож байсан бэ?
-Ажлынхаа сайхан талыг мэдээд, өмнөх ажлаа ягштал хийгээд, хажуугаар нь өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлзээд л явдаг. Сургуульд байхдаа ангийн дарга хийж байсан болохоор тэр үү олон нийтийн ажилд оролцох дуртай. “Монгол Намянжү” сангийн тэтгэлэгт оюутнаар шалгарч байсан. “Зориг сан” ТББ-аас хэрэгжүүлдэг “Байгаль орчны манлайлагч” хөтөлбөрт хамрагдаж, үеийнхээ залуустай нэг жилийн хугацаанд нийгэмд тустай төсөл хэрэгжүүлж ажиллаж байсан. Ер нь энд тэндэхийн юманд оролцох, зохион байгуулах сонирхолтой. Гэхдээ ажлын хажуугаар байнга нийгмийн ажилд оролцоод яваад байх боломж тэр бүр гараад байдаггүй юмаа. Танихгүй хүмүүстэй танилцаж, ажиллах тусам улам нээлттэй болж, үзэл бодлоо илэрхийлж сурч, нийгэмд биеэ авч явахад суралцдаг юм шиг санагддаг.
-Төрөлх Хэнтий нутагтаа ямар чиглэлээр судалгааны ажил хийхийг хүсдэг вэ?
-Үнэнийг хэлэхэд өмнө нь энэ талаар санаа зовдоггүй байсан байна лээ. Одоо харин дандаа боддог. Магадгүй үзэл бодол маань тогтож эхэлж байгаагийнх болов уу. Би яаж нутаг орондоо хэрэгтэй зүйл хийх вэ, миний ажил нутагт маань хэрхэн ашигтай байж болох вэ гэж их боддог. Ямар ч байсан сургуулийн сурагчидтай ажиллахаас эхлээд ховор, нэн ховор ургамлын танилцуулга хийх, мэдээллийн сан үүсгэх ч юмуу, жуулчдад түгээх, сонирхуулах, эсвэл хамгаалах зэргээр ажиллах боломж бий гэж боддог. Өөр олон ажил байж болно л доо. Боломж нь гарвал хүн, байгальд хэрэгтэй зүйлүүдийг хийх талаар найзуудтайгаа ярилцаж, ихийг бодож, мөрөөддөг дөө.
-Хан Хэнтийн ариун байгалийн нандин ургамлуудыг судлан, зөв зохистой ашиглах, хамгаалах ажил үйлсдээ олон залуусыг уриалан, төрсөн нутгийнхаа хөгжлийн түүчээ болж байгаа танд амжилт хүсье.
-Баярлалаа.
Д.Одонтунгалаг