75 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалт нэг тэрбум 29 сая төгрөгөөр Баянхонгор сумын Шаргалжуут наймдугаар багт 75 хүүхдийн цэцэрлэгийг "Очир заан" ХХК барьж, улсын комисст хүлээлгэж өгчээ.
Харин өнөөдөр тус цэцэрлэгийн нээлт болж, аймгийн ЗДТГ-аас иж бүрэн компьютер, Баянхонгор сумын ЗДТГ 500 мянган төгрөгийн хандивыг гардуулав. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцаас тодорхой дэмжлэг үзүүлж ажиллах болсныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын бие төлөөлөгч нь сонордуулсан юм.
Цэцэрлэгийн нээлтийн үеэр Шаргалжуут тосгоны иргэд өөрсдийн боломжоор хандив өргөж, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан бол барилгыг барьсан "Очир заан" ХХК хоёр ангийн дэвсгэр хандивлажээ.
Шаргалжуут тосгонд цэцэрлэгийн насны 159 хүүхэд байдаг. Үндсэн бүлгээр 70 хүүхэд хичээллэдэг бол хамран сургалтаар тосгоны нийт хүүхдийг СӨБ-д хамруулж чаджээ. Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан 50 хүүхдийн цэцэрлэгийн байранд Төрийн болон ХААН банк үйл ажиллагаагаа явуулах болсон байна.
Б.Мөнхзул