Т.Мөнхбаатар:Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд пост ажиллуулахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-25 00:17:04
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдсан. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар ямар шийд гарч байгаа талаар болон өвөлжилтийн талаар Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга Т.Мөнхбаатараас тодрууллаа.

-Өчигдөр аймгийн онцгой комиссын шуурхай хуралдаанаар шүлхийтэй холбоотой асуудал хэлэлцсэн. Ямар арга хэмжээ авахаар шийдэв?
-Энэ сарын 23-нд Баянхонгор аймгийн онцгой комисс шуурхай хуралдаан хийлээ. Мөн өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумд олон улсын хөл хориот мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор хурлыг яаралтай зарлан хуралдуулсан. Шүлхий өвчин улсын хэмжээнд долоон аймгийн 15 сумын 22 голомтод гараад байгаа бөгөөд хүрээгээ тэлсээр манай аймагт дөхөөд ирсэн байна. Мөн Дундговь аймгийн долоон суманд 10 голомт байна. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор манай аймагт шүлхий өвчин гарах аюул байгаа тул яаралтай арга хэмжээ авах талаар хэлэлцсэн.
Хуралдаанаар хэлэлцээд, эрүүл бүс гэх байдлаа авч үлдэхийн тулд илүү эрчимжүүлсэн арга хэмжээ авахаар болж Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд пост ажиллуулахаар боллоо. Өвөрхангайгаас Баянхонгор явах замд мал амьтан болоод зорчин өнгөрч байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тус постонд хийх юм.
-Эрүүл бүс гэдгийг илүү тодруулахгүй юу?
-Одоогоос дөрвөн жилийн өмнө эрүүл бүс гэх найман аймаг байдаг байсан бол Казакстан улсаас орж ирсэн тээврийн хэрэгслээр дамжиж баруун аймгуудад шүлхий өвчин гарсан байдаг. Ингээд улсын хэмжээнд эрүүл бүс хэмээн нэрлэгдэж байсан хоёр аймаг нь Өвөрхангай, Баянхонгор болсон. Тэгэхээр өчигдөр Өвөрхангай аймагт шүлхий өвчин гарчихаар эрүүл бүс нь зөвхөн манай аймаг болчихоод байна. Энэ статусаа хадгалж үлдэхийн тулд шаардлагатай бүхий л зүйлсийг хийх ёстой. Одоо манай холбогдох албаныхан пост байгуулахаар Өвөрхангай явах гэж байна.
-Дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгсэлд ямар ариутгал хийдэг юм бэ. Шүлхий өвчин хэрхэн халдварладаг вэ?
-Халдвартай малын бэлчээрлэсэн газраар явсан тээврийн хэрэгсэл өтөг бууц, шавар зэргийг машины гадаргуу, дугуйндаа тээдэг. Өөрөөр хэлбэл халдварын голомтоор дамжин өнгөрч байгаа техник хэрэгсэлд хөрс шорооноос наалдан дамжих эрсдэл байдаг. Халдварлах гол зам нь агаар, амьсгалын зам. Мөн зээрийн сүрэг буюу зэрлэг амьтад халдвар дамжуулах эрсдэлтэй.
-Улсын онцгой комисс Баянхонгор аймагт ажиллах тов байсан. Дээрх асуудалтай холбоотой юу?
-Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт хүндэрч байгаа 12 аймагт өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болсон. Манай аймгийн 11 сум тус үйл ажиллагаанд хамрагдахаар байсан бол сумдаас авсан нөхцөл байдлын мэдээгээр, нэмээд таван сумын өвөлжилт хүндэрч малын хорогдол гарч байгаа талаар мэдээлэл ирсэн. Тус нөхцөл байдлаас үүдэн нийтдээ 16 сумд Улсын онцгой комисс, Засгийн газраас дээрх дэмжлэгийг хүргэхээр болж байна.
-Ямар хэмжээний өвс тэжээл малчдад хүрэх вэ?
-Нэр бүхий сумдад улсын нөөцөөс 30 тонн өвс үнэгүй, 40 тонн улаан хивгийг 50 хувийн хөнгөлөлтөөр олгохоор болсон байна. Улсын онцгой комиссын дарга буюу Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 25-нд Баянхонгорт ажиллана. Улсын нөөцийн цэгүүдээс өвс тэжээлийг сумдад хүргэх ажил маргааш эхлэх юм.
                                                                                                                                  Б.Мөнхзул
Related news