Тавантолгойгоос Хангийн боомт руу хууль бус тээвэрлэлт хийж байгаад хяналт тавихыг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-22 15:54:42
Дорноговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цогт цэций сум дахь Тавантолгойн уурхайгаас Дорноговь аймгийн Хатанбулаг сумыг дамжин Хангийн боомт руу компаниуд  нүүрс тээвэрлэж байгаа талаар энэ сарын 17-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд болсон “Хариуцлагатай уул уурхай-Хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлгөөний үеэр  оролцогчдын төлөөлөл ярив.
Уг нь Тавантолгойгоос Хангийн боомт чиглэлд хатуу хучилттай авто зам тавьж, нүүрс тээвэрлэх асуудал холбогдох яам, Монгол Улсын Засгийн газрын түвшинд яригдсан ч өнөөдрийг хүртэл албан ёсоор замын трасс батлаагүй төдийгүй тээврийн асуудлыг бүрэн шийдвэрлээгүй аж. Мөн трасс батлахтай холбогдуулж Дорноговь аймгаас Ажлын хэсэг ирж газар дээр нь ажиллаж байсан аж.
Тавантолгойгоос Ханги чиглэлийн нүүрс тээврийн талаар Хатанбулаг сумын Засаг дарга С.Эрдэнэболд огт тээвэр хийгээгүй гэсэн бол Хөвсгөл сум дахь Айл баянгийн нүүрсний уурхайгаас Ханги боомт руу тээвэрлэлт хийж буй “Си Өү Ай Эл” ХХК-ийн төлөөлөл н.Балдорж хэлэхдээ компаниуд Тавантолгойгоос нүүрс тээвэрлэж байгаа гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Орон нутгийнхан үүнийг мэдэхгүй байна. Таван толгойгоос нүүрс тээвэрлэж байгаа нь үнэн. Өмнөговь аймаг дахь Ганц модны боомтоор нүүрс гаргахгүй болохоор компаниуд дөтлөөд манай аймгийн нутгаар тээвэр хийж байна. Та нар үүнийг маш сайн нягталж хяналт тавих хэрэгтэй” гэв.
Замын трасс батлаагүй, зам тавиагүй, бусад шаардлагатай зөвшөөрөл аваагүй тохиолдолд нүүрс тээвэрлэж байгаа бол энэ нь хууль бус тээвэр болно гэж албаныхан хэлэв. Одоогийн байдлаар “Мон лаа” ХХК, 137 км, “Их говь Энержи” 63.3 км,”Си Өү Ай Эл” ХХК 57.8 км, концессийн 90 км, нийт 348.1 км замаар нүүрс тээвэрлэж байгаа бөгөөд үүн дээр Таантолгойгоос ирэх тээвэр нэмэгдвэл нүүрс тээврийн замыг хянах боломжгүй болж байгаль орчин, малын бэлчээр, малчдын амьдралд сөрөг нөлөө учруулна гэж  зөвлөлгөөнд оролцогчдын төлөөлөл ярив.
Х.Эрдэнэбулган
  
Related news