Хэнтий аймагт цэрэг татлага энэ сарын 9-15-ны өдрүүдэд явагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэлж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн урьдчилсан үзлэг Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн суманд 10 дугаар сарын 9-13-ныг хүртэл үргэлжилнэ.
Харин Хэрлэн суманд 14-15-ны өдрүүдэд явагдах бөгөөд 10 дугаар сарын 17-нд Чингисийн талбайгаас цэрэгт тэнцсэн залуусыг үдэн гаргах арга хэмжээ болохоор төлөвлөгджээ.
Иргэддээ сонордуулахад, цэргийн жинхэнэ албанаас зайлсхийсэн тохиолдолд захиргааны арга хэмжээ авахаар хуульчилсан байдаг. Тодруулбал, Цэргийн албаны тухай хуульд зааснаар “Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга хорин таваас нэг зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
Хэнтий аймгийн ЗДТГ-ын цэргийн хэлтсээс 1990-1991 онд төрсөн залуучуудын хугацаат цэргийн алба хаах хуулийн нас нь дууссан учир цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгахаар холбогдох төлбөрийг тогтоожээ.