Хэнтий аймаг ядуурлын түвшингээрээ 2016 онд улсдаа дөрөвдүгээр байрт оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын гаргасан судалгаагаар Хэнтий аймгийн хувьд ажилгүйдлийн төвшин сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, улсын дунджаас хэд дахин давжээ. Мөн ядуурлын түвшингээрээ 2016 онд улсдаа эхний дөрөвдүгээр байрт орсон талаарх мэдээллийг өглөө.
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон болон бусад албаны хүмүүс Хэнтий аймагт хүрэлцэн ирж, тус аймгийн удирдлагууд болон байгууллагын дарга нартай зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах үеэрээ энэ талаар мэдэгдсэн юм.
Тус хэлэлцүүлгээр Дэлхийн банкны группээс Монгол Улсын Нийгэм эдийн засгийн хөгжлийн дүн шинжилгээ /НЭЗХДШ/ болон Монгол Улстай байгуулах дараагийн Түншлэлийн стратегид /ТС/ санал авах зорилготой бөгөөд Улаанбаатар хот, Дархан уул, Орхон, Өмнөговь, Ховд, Хэнтий аймгуудад зохион байгуулж байгаа юм байна.
Хэлэлцүүлгийн явцад хүлээн авсан санал, сэтгэгдэл, зөвлөмжийг нэгтгэн НЭЗХДШ ба ТС-ийн баримт бичгийн эцсийн хувилбарт тусгах аж. Түүнчлэн нэгтгэсэн санал, зөвлөмжийг ирүүлсэн хувь хүн, байгууллага, ААН-ийг дурдалгүйгээр Дэлхийн банкны Монгол Улсын цахим хуудаст олон нийтэд нээлттэй байршуулах юм байна.
Уулзалтын үеэр Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба саналаа хэлэхдээ “Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иргэд, ААН, жижиг дунд үйлдвэрийг дэмжих хэрэгтэй. Ингэснээр орон нутаг төдийгүй улс орон хөгжих, ажилгүйдэл ядуурал буурах нөхцөл бүрдэнэ” гэв.
Дэлхийн банк 1991 оноос хойш Монгол Улсад нийт 837,27 сая ам.долларын хөгжлийн санхүүжилтийг хөрөнгө оруулалт, боловсрол, ХАА, эрчим хүчний салбарт олгосон байна. Мөн зээл тусламжаас гадна Монгол Улсын стратегийн гол чиглэлээр Засгийн газраас явуулах шинэчлэл, дунд болон урт хугацааны хөгжлийн зорилтыг дэмжихээр чадавхийг бэхжүүлэх болон судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлсээр ирсэн юм.
Д.Одонтунгалаг