Хэнтийн соёл урлагийн байгууллагын ажилтнууд баяраа тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-04 09:47:27

Хэнтий /МОНЦАМЭ/. Улс үндэстний өв соёл, ёс заншил, түүхэн замналыг хайрлан хамгаалж, хадгалж, хойч ирээдүйдээ өвлүүлэн үлдээх хүндтэй үүргийг хүлээж ажилладаг Хэнтийн соёлын ажилтнууд, уран бүтээлчид өнөөдөр “Соёл урлагийн байгууллагын ажилтны баярын өдөр”-өө тэмдэглэлээ.

Энэхүү баярын өдрөөр соёлын ажилтнууд хөдөлмөр зүтгэлээ төр түмнээрээ үнэлүүлж, 42 уран бүтээлч Монгол Улсын Засгийн газрын болон аймаг орон нутгийн шагналаар шагнагдлаа. Мөн оны шилдэг соёлын байгууллагаар Дадал сумын соёлын төв шалгарав.

Хэнтий аймгийн хувьд соёл урлагийн салбарынхаа бодлого зорилтыг тодорхойлж “Оюунлаг Хэнтийчүүд” болох зорилтын хүрээнд “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх” дэд хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд соёлын ажилтнуудын дунд сургалт зохион байгуулах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, авъяас чадварыг хөгжүүлэх, бусад орны соёлын байгууллагуудтай харилцан туршлага солилцуулах зэрэг ажлуудыг ээлж дараатай зохион байгуулж байгаа юм.

Хөрөнгө оруулалтын хувьд 2017 онд тус аймгийн Нийтийн номын сангуудад ном худалдан авахад зориулж нийт 25,0 сая төгрөг, Баянхутаг сумын соёлын төвд их засвар, Цэнхэрмандал сумын соёлын төвийн халаалтын тогоог шинээр солих болон Сэцэн ханы ордон музейн үзмэр шинэчлэхэд зориулж нийт 112,7 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлүүлжээ.

Д.Одонтунгалаг

Related news