Дэлхийн банк “Торгоны замын” эдийн засгийн бүсийн төсөлд 8 тэрбум доллар гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-09-12 14:14:53
БЭЭЖИН./ТАСС/. Дэлхийн банк Хятадын санаачилсан Торгоны замын эдийн засгийн бүсийн дэд бүтцийн төслүүдэд нийтдээ 8 тэрбум доллар  гаргаж өгчээ. Энэ тухай олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудын тэргүүн нарын “6+1” томьёоллын дугуй ширээний уулзалтын үеэр Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким мэдэгджээ.

“Хөрөнгө оруулах, нэн ялангуяа дэд бүтцэд хөрөнгө оруулах нь туйлын чухал юм. Хятадын торгоны замын эдийн засгийн санаачлага нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг татах өдөөгч хүчин зүйл болж байна. Дэлхийн банк энэхүү санаачлагыг гаргасан улс орнуудад өөрсдийн хөгжлийн стратегийн дагуу олгогдсон боломжийг дээд зэргээр ашиглахад нь туслаж байгаа” хэмээн олон улсын байгууллагын тэргүүн онцлон дурджээ.

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудын тэргүүн нарын “6+1” томьёоллын дугуй ширээний уулзалт Бээжинд болж байгаа юм. Тус дугуй ширээний уулзалтад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард, Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал Роберто Азеведо болон бусад байгууллагуудын албаны хүмүүс оролцож байгаа ажээ.
О.Барс
 

 


 

Related news