Олон улсын музейчид Сэлэнгэ аймагт чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-10 19:03:44
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Музей ба хөгжил-2017” Монголын музейчдын чуулга уулзалт Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд энэ сарын 8-9-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Өмнөх жилүүдэд урлаг, спортын наадам хэлбэрээр зохион байгуулагддаг байсан музейчдын чуулга уулзалтыг Сэлэнгэ аймаг олон улсын эрдэм шинжилгээний бага хуралтай хамтатган зохион байгуулсанаараа онцлог байлаа. Чуулга уулзалтад оролцсон АНУ, ОХУ-ын соёлын өв судлаачид гурван хэсэгт мэргэжлийн чиглэлээр зохион байгуулагдсан салбар хуралдаануудад өөрсдийн орны сайн туршлагаас хуваалцлаа. Энэ удаа 8 дахь жилдээ Сэлэнгэ аймагт болж буй тус чуулган:
- олон улсын эрдэм шинжилгээний бага хурал
-удирдах ажилтны зөвлөгөөн, сургалт семинар
-урлаг спортын бага наадам гэсэн үндсэн гурван хэсэгтэйгээр болсон юм. 

Чуулганд Монгол Улсын 38 музейн 380 гаруй музейчид, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон бусад төлөөлөгчид, зочид оролцлоо. Энэхүү “Музей ба хөгжил-2017” музейчдын чуулга уулзалтын зорилго нь харилцан биенээсээ туршлага солилцох, алдаа оноогоо ярилцах, бусад улс орны дэвшилтэт сайн үйл ажиллагааг нутагшуулан нэвтрүүлэхэд чиглэгдэж байв.
Ч.Отгонцэцэг
Related news