Б.Бямбасайхан: “Оюутолгой” 21-р зууны Монголын эдийн засгийн гайхамшиг

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-11-05 13:17:57

 “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Бямбасайханаас дараах асуултад хариулт авлаа.

- “Оюу Толгой” ХХК-ийн далд уурхайн төслийн санхүүжилтийг энэ сарын сүүлээр босгоно гэсэн хүлээлт нийгэмд байна. Далд уурхайг явуулснаар  Монголын эдийн засагт ямар өгөөж ирэх вэ?

- Оюутолгойн бүтээн байгуулалт өрнөж байна. Ойрын 5 жилд гүний уурхайг барьж байгуулан ашиглалтад оруулна. Ингэснээр Монголын эдийн засагт маш олон эерэг үзүүлэлтийг авчирна.  Монголын компаниудад бизнесийн шинэ боломжууд нээгдэж  буйгаараа онцлогтой.  Тухайлбал барилгын ажлын явцад 3000 ажлын байр шинээр бий болно. “Оюутолгой” төсөлд 800 орчим ханган нийлүүлэгч байгаагаас  570 нь монголын компаниуд.  Ирээдүйд монгол компаниудын тоог өсгөж,  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.  Мөн жил тутамд нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт  татах суурь  бий болох юм. Улмаар эдийн засгийн өсөлтийн сааралтыг аажмаар тогтвортой нэмэгдүүлэх бааз үүснэ. Өөрөөр хэлбэл 2015 оны эдийн засгийн өсөлт буурсан бол дараа жилээс нэмэгдэх боломж бүрдэх юм. Ирэх онд суурь эдийн засгийн 4  хувийн өсөлтийг  далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанаас хүртэх  боломжтой. Түүнчлэн Оюутолгойн 1 ам. долларын худалдан авалт бүрийн 80 хувийг нь монгол компаниуд хүртдэг болно.

-“Оюутолгой”-н орд “Эрдэнэт” үйлдвэрээс 4 дахин том боловч эдийн засагт оруулж буй хувь нэмэр хэд дахин бага гэсэн шүүмжлэл бий. “Оюутолгой” ХХК байгуулагдсанаас хойш Монголын эдийн засагт хэдэн төгрөг оруулав?

-“Оюутолгой” 21-р зууны Монголын эдийн засгийн гайхамшиг юм. Энэ ордын нөлөөгөөр Монгол Улсын өрсөлдөх чадвар эрс сайжирсан. Шинэ техник, технологи нэвтэрч олон ажлын байр бий болж, шууд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Өнгөрсөн таван жилд Оюутолгой компани Монголд 10 их наяд төгрөг  зарцуулсан. НӨАТ, АМНАТ гээд татвар, төлбөрт 2 их наяд  оруулсан байдаг.

- “Оюутолгой” бүрэн хүчин чадлаараа ажиллавал дэлхийн эхний гуравт жагсах зэсийн орд болно гэсэн тооцоо бий. Далд уурхайг явуулах хоёр дахь шатны санхүүжилт бүрдүүлэх ажил ямар шатандаа явж байна?

-Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай зээлийн гэрээ байгуулах ажилд удахгүй орно. Ингэснээр 5 жилийн хугацаанд далд уурхайн бүтээн байгуулалт өрнөх санхүүжилтийн эх үүсвэр бий болно.

- Далд уурхайн бүтээн байгуулалтад хичнээн ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн бэ. Эхний санхүүжилт хэзээ орж ирэх вэ?

- Ирэх 12 дугаар сарын эхээр талууд  зээлийн гэрээнд гарын үсэг зурна. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд 6 орчим тэрбум ам.доллар орох төсөв гарсан. Зээлийн төсөв 4.2 тэрбум ам.доллар байгаа.

-“Оюутолгой”-н ордыг дагаад  хүний  амьдрах орчин нөхцөл сайжирч, дэд бүтэц, бүтээн байгуулалтууд өрнөнө гэсэн хүлээлт нийгэмд байсан. Гэхдээ өнөөдөр хүмүүс Оюутолгойн дэд бүтцэд сэтгэл хангалуун бус байна. Энэ тухайд?

 -“Оюутолгой” орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр үзүүлж байна. Тухайлбал  эрчим хүч, цэвэр усаар хангаж байна. Олон улсын хэмжээний нисэх онгоцны буудал барьсан. 1.2 тэрбум ам долларын өртөг бүхий 450 мВт-ын цахилгаан станцыг Тавантолгойд барих гэж байна. Бүс нутгийн дэд бүтцийн гол зангилаа “Оюутолгой”, “Тавантолгой”-д төвлөрөх юм. Хоёр дахь асуултын хувьд ажилчдын эрүүл ахуй, ая тухтай орчинд амьдарна гэдэг бол хамгийн чухал зүйл. Ирээдүйд ажилчдын орон сууцны асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ. Гэхдээ хот суурин байгуулах асуудал бол Монгол Улсын Засгийн газрын бодлого шүү дээ. Түүнээс биш нэг компани хот барихгүй. Гол нь Засгийн газар бодлогоо гаргаад явбал “Оюутолгой”-н зүгээс оролцох боломжтой.

Б.Заяа

Related news