Хөрөнгө оруулагчдад зориулсан геомэдээллийг ил тод болгож эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-07-26 16:25:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад найдвартай, үнэн зөв мэдээлэл авах боломжийг нээлттэй болгох зорилгоор Австрали-Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/ геологи, геохими, гидрогеологи, орон зайн мэдээлэл зэрэг геомэдээллийг өөрийн вебсайтад энэ сараас байршуулж эхлээд байна гэж АМГТГ-аас өнөөдөр мэдээллээ.

“Мэдээлэл ил тод болсноор геологийн эрэл хайгуулын ажлын зардлыг бууруулж, хөрөнгө оруулалтыг татах боломжийг нээж өгдөг. Геологийн мэдээ, мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн, хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд “Монгеокат” системийг хөгжүүлж байна. Энэхүү систем нь АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвд байгаа мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй нэгдсэн систем юм” хэмээн АМГТГ-ын дарга Б.Баатарцог мэдээллээ.
 
Дашрамд дурдахад хайгуулын ажлын гүйцэтгэлийг газар дээр нь бодитоор хийгдсэн эсэхийг шалгах зорилгоор Дорноговь-Дундговь-Өмнөговь, Хэнтий-Сүхбаатар-Дорнод гэсэн хоёр чиглэлээр хяналтын ажлыг гүйцэтгэж байгаа ажээ.
Л.Нандиа
Related news