Шатахууны нийлүүлэлтийг нэмж, энэ сард худалдан авах захиалгаа баталгаажуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-12-03 15:22:13

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ОХУ-аас энэ сард худалдан авах шатахууны захиалгаа баталгаажуулсан тул нийлүүлэлт тасрахгүй, хэвийн үргэлжилнэ гэж онцлов. 


Мөн БНХАУ-аас 10 мянган тонн дизель түлш худалдан авахаар болсныг АҮЭБЯ мэдээллээ. 


Тэрбээр, “Шатахууны хэрэгцээгээ хангах үүднээс Ерөнхий сайд Г.Занданшатар, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням нарын баг ОХУ-д өнгөрсөн сард айлчилсны дүнд импортыг нэмэхээр болсон. Тухайлбал, ОХУ-аас 11 дүгээр сард АИ-92 автобензин 75 мянган тонныг худалдан авсан нь сарын дундаж хэрэглээг 10 мянган тонноор нэмсэн” гэсэн юм. 


Мөн АИ-92 авто бензинээс гадна дизель түлшний импортын талаар ярихдаа, “Нүүрсний экспорт сайжирч буй нь дизель түлшний хэрэглээг ч нэмж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гаралттай холбоотой дизель түлшний бөөний үнэ жижиглэнгийнхээс нэмэгдсэнийг зохицуулж байгаа” хэмээжээ. 


Түүнчлэн, баруун бүсийг төвийн бүсээс хангаж байгаа нь удахгүй хэвийн болно. Зүүн бүсэд Эрээнцав боомтоор шатахууныг тасралтгүй нийлүүлж байгаа. Энэ сарын нэгний байдлаар 16 вагон цистерн АИ-92 төрлийн бүтээгдэхүүн импортолсон. Говийн бүс рүү түгээлтээ нэмэх, орон нутгийн дизель түлшний хэрэглээг хэвийн болгох талаар импортлогч компаниудтай ярилцаж,  хэвийн болгоход нь анхаарч байгаа ажээ.

 

Related news