Ногоон хөгжлийн төлөөх “Хэнтийн тунхаг” бичгийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-12 10:55:02
Хэнтий /МОНЦАМЭ/ “Хэнтий аймагт байгаль орчин болон хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжиж буй олон улсын төсөл хөтөлбөрүүдийн нэгдсэн уулзалт зөвлөлгөөн” Чингис хотод зохион байгуулагдаж, “Хэнтийн тунхаг” бичгийг баталлаа.

Зөвлөлгөөний үеэр төслүүдийн танилцуулга болон хэлэлцүүлэг явагдаж, хэлэлцүүлгээр дараах тунхаг бичгийг баталжээ.
1.“Хэнтий аймгийн Ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026” баримттай уялдуулан үйл ажиллагаагаа төлөвлөж, хэрэгжилтийг хангахад боломжтой дэмжлэг үзүүлнэ.
 2.Тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх оновчтой бодлогод суурилж, эрүүл аюулгүй, ногоон орчинд хөдөлмөрлөж амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана.
3.Санхүүгийн шийдвэр гаргахдаа хүрээлэн буй орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай,төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог хангасан хүртээмжтэй хөгжлийн зарчмыг баримтлана.
4.Байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалж, нөөцийг нөхөн сэргээх, тогтвортой ашиглалтыг дэмжиж, хууль бус ашиглалтыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг бэлчээрийн менежменттэй нэгдмэл байдлаар  хэрэгжүүлнэ.
5.Аймгийн хэмжээнд байгаль орчны салбарын тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлж, сайн туршлага бүхий орон нутаг, байгууллагын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцоно.
6. Байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйд суурилсан,  нэмүү өртөг шингэж инновацид түшиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана.
7.Бүх талуудтай хариуцлагатай, нээлттэй, ил тод, тэгш эрхийн зарчим баримтлана гэсэн 7 зарчим  уг тунхаг бичигт багтжээ.
 
Зөвлөлгөөн “Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026” бодлогын баримт бичиг, тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байгаль орчин, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах зарим зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, уялдаа холбоог сайжруулах гол зорилготой байв. 

Тус зөвлөлгөөнд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, БОАЖГ-ын дарга Б.Дархантөр тэргүүтэй орон нутгийн удирдлагууд болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дах хөтөлбөрийн газар TNC төсөл, Ой бүхий аймгуудын биологийн олон янз бүхий хамгаалал, тогтвортой ойн менежмент нүүрстөрөгчийн хийн хуримтлал нэмэгдүүлэгч төсөл, “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төсөл, “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл, “Мерси кор” Монгол Олон улсын байгууллага, “Каритас Чех Репаблик” ОУБ-ын Хэнтий аймаг дахь газар тариалангийн салбарын иргэний нийгэм, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” төслийн төлөөлөгчид тус тус оролцсон юм.
 Д.Одонтунгалаг

 
 
Related news