“Соёлт өргөө” констракшн Хэнтийд 20 га талбайд үржүүлэг хийгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-07 16:59:11
 Хэнтий /МОНЦАМЭ/ Улаанбаатар хотын “Соёлт өргөө” констракшн “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод буюу хуучнаар Өндөрхааны САА одоогийн Хэрлэн сумын тавдугаар багийн Дулааны энгэрт “Таван хаан жимс” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд одоогийн байдлаар 20 га талбайд газар тариалан, жимс жимсгэнэ, бэлчээрийг сайжруулах чиглэлээр 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс ажлаа эхлүүлээд байна.

Энэхүү төслийн 2017 оны нийт санхүүжилт нь 160 тэрбум төгрөг бөгөөд 200 өрхийг ажлын байраар хангах зорилготой аж. Хэнтий аймгаас 180 гаруй өрх уг төсөлд хамрагдан, ажлын байраар хангагдах боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар Хэрлэн сумын ЗДТГ-тай хамтран амьжиргааны түвшин доогуур орлоготой, гэр бүлтэй, байнгын тогтвор суурьшилтай ажиллах 20 хүнийг өдрийн 20 мянган төгрөгөөр цалинжуулан тус тариалангийн талбайд ажиллуулж байна. Цаашид эдгээр өрхүүдэд 4 сая орчим жимсний мод тарих талбайг хуваарилан, усжуулалтыг шийдэж өгнө гэдгээ “Соёлт өргөө” констракшныхан амлаж байна. Төслийн ажлын 50 хувь нь 2017 онд хийгдэх бол 2018 онд 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжих аж.

Хэнтий аймгийн газар нутгийн хувьд салхи ихтэй, нарны шууд тусгалтай учраас зайлшгүй ойн зурвас байгуулж, салхийг хаах шаардлагатай байгаа гэлээ. “Одоогийн байдлаар “Соёлт өргөө” констракшн өөрийн хөрөнгөөр жимсний 150 сая орчим мод тариад байна. Энэ жилийн хувьд 2000 га талбайд тарих үржүүлэг буюу хайлаас 100 сая, буйлс 100 сая модыг үрээр тариалсан байгаа. Мөн үхрийн нүдний мод 3 сая тарьсан, 6 сарын 15-наар 3 сая чацарганыг тарина. Намар 3 сая орчим нэрс нэмж тарина. Түүнчлэн намраас жимсний суулгацуудаа 16 мянган га талбайд ойн зурвас болгон шилжүүлж гаргана” хэмээн “Ногоон хэрэм” төсөл дээр 10 гаруй жил ажилласан туршлагатай, “Соёлт өргөө” констракшний Ерөнхий агрономич Б.Цог ярьлаа. 

Төсөл хэрэгжсэнээр жилийн дөрвөн улиралд ажлын байр бий болно. Жимсээ хураагаад, хөлдөөгөөд гадаадад экспортлохоор тус төслийнхөн төлөвлөөд байна. Тухайлбал, Япон улсад чацаргана, нэрс, үхрийн нүд экспортлоно. Мөн гурвалжин будаа, шар буурцаг, эрдэнэ шиш зэргийг их сонирхож байгаа учраас үржүүлгийн шугамаар энэ жил 6 га талбайд тариалаад байгаа аж. Мөн өөрсдийн хөрөнгөөр 35 кв/т-ын цахилгааны дэд станц, гүний худгийг бэлэн болгоод ажиллуулж байна.

Эднийд очиход тариалалт хэдийнээ жигдэрчихсэн, үржүүлгийн талбайд ид ажил үргэлжилж байлаа. Үржүүлгийн ажлыг энэ жил Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын нөхөрлөлтэй хамтарч хийжээ. Цаашид Хэнтий аймгийн Биндэр болон Дадал сумдын нөхөрлөл, Байгаль орчны байцаагч нартай гэрээ байгуулан хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.

Энэ сарын 10-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Таван хаан жимс” төслийн хөрөнгө оруулалтын Эдийн засгийн форумд Япон улсын бизнес эрхлэгчид ирж оролцох юм. Энэ үеэр форумд оролцсон Японы талын гурван компани Хэнтий аймагт ирж, “Соёлт өргөө” констракшний хийсэн ажилтай танилцан, хамтарч ажиллах гэрээ байгуулах юм байна.

“Соёлт өргөө” констракшний Ерөнхий менежер Ш.Алтанхуяг ярихдаа “Манай төслийг аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, мөн Хэрлэн сумын Засаг дарга, ЗДТГ, найз нөхөд маань маш их дэмжин, хамтран ажиллаж байгаа. Эдгээр хүмүүстээ баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье. “Хэнтийн мэдээ” сониноор дамжуулан хамт олонтойгоо хийж хэрэгжүүлж байгаа бодит зүйлүүдээ танилцуулж, цаашид илүү ихийг хийж бүтээх чин эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байна” гэлээ.

“Соёлт өргөө” констракшн нь байгуулагдсанаасаа хойш 6 жил барилгын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаад энэ жилээс ийнхүү газар тариалангийн салбарт хүч сорьж эхэлжээ. Тэд судалгаагаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын тавдугаар багийн Дулааны энгэр дэх газрыг сонгож, дээжийг нь шинжилгээнд явуулахад хөрсний үржил шим маш сайн, ургац хурдан авах боломжтой гэсэн дүгнэлт гарсан тул дуудлага худалдаагаар энэ газраа худалдан авчээ.
  Д.Одонтунгалаг
Related news