Малчдын улсын зөвлөгөөн эхэллээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-05-26 14:21:56
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Төрийн ордонд эхэлсэн Малчдын улсын зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Малчдын маань уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар мал сүргийн тоо толгой түүхэндээ хамгийн дээд хэмжээ буюу 61.5 саяд хүрч, гурван их наяд гаруй төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ. Энэ бол улс орны эдийн засагт манай малчдын оруулж байгаа томоохон хувь нэмэр юм” хэмээн онцоллоо.
ХХААХҮЯ-наас энэ сарын 26, 27-нд нийслэл хотноо зохион байгуулж буй Малчдын улсын зөвлөгөөнд малчин, фермерүүдийн 800 гаруй   төлөөлөл оролцож байгаа юм. Зөвлөгөөнөөр төрөөс малчдын талаар баримтлах бодлого, “Монгол мал”, “Мал амьтны эрүүл мэнд”, “Эрчимжсэн мал аж ахуй” үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт, Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал, мал төллөлтийн явц, төл бойжилт, 2017 оны хадлан тэжээл бэлтгэл ажлын талаар малчдын санал бодлыг сонсож, санал солилцож байна. Монгол Улс байгалийн баялгаа ашиглаж хөгжих шинэ боломж нээгдсэн ч, мал аж ахуйн эзлэх байр суурь хэвээр хадгалагдахын зэрэгцээ өмнөхөөсөө илүү ирээдүйтэй болж байгаа билээ. Өнөөдөр дэлхийн нэг хүнд хоёр толгой мал ногдож байхад, нэг монгол хүнд 19 толгой мал ногдож байгаагийн дээр олон улсын байгууллагууд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зах зээл, ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байна.
Related news
Comments