Ж.Чулуунбат:Ирэх сарын 01-нээс өмнө бүх бод малдаа зүсмийн бүртгэл хөтлөн, зурагжуулах ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-20 14:45:49
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улс эрт дээр үеэс буянт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг хүртэж ирсэн улс үндэстэн билээ. Гэтэл өнөөгийн нийгэмд Монгол хүн Монголоо алдаж, саахалт айлынхаа малыг хулгайлах энүүхэнд боллоо. Иймээс мал сүрэгтээ хүний, өөрийн гэж хандахгүйгээр хяналт тавьж, хот айл, ах дүүсээрээ нэгдэж малаа өдрийн хариулга, шөнийн манаатай байлгаж хэвшүүлэх цаг болжээ. Хэнтий аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж буй талаар аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ж.Чулуунбаттай ярилцсанаа хүргэж байна.

-Малын хулгайтай тэмцэх ажил иргэдийн тээвэрлэж яваа малыг шалгахаас эхэлдэг байх. Цагдаагийн пост ажилласнаар малын хулгайн гэмт хэрэгт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Цагдаагийн пост ажилласнаар дэг журам тогтоохоос гадна малчдыг аюулгүй, гэмт хэрэг зөрчилгүй зорчиход нь тусалж байгаа. Хэрлэн голын гүүрний постон дээр цагдаагийн ажилтан 24 цагаар ажиллаж Мал мах, түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээг шалгаад “Шалгав” гэсэн тэмдэг дардаг. Гүүрэн дээр шалгуулсан иргэдийг Жаргалтхаан, Цэнхэрмандал сумын гүүрэн дээр дахин шалгахгүй. Урьд нь гурван удаа шалгадаг байснаа больж, иргэддээ чирэгдэл учруулахыг багасгасан. Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Түмэнцогт, Хэнтий аймгийн Баянхутаг, Галшар сумаас мал их алдагдаж байгаа учраас Хэрлэнгийн гүүрэн дээр зайлшгүй шалгах шаардлагатай байгаа.

-Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулиар малчид тодорхой үүргүүдийг хүлээсэн байдаг. Мал, мах тээвэрлэн яваа малчид, иргэд маань үүргээ хэрхэн хэрэгжүүлж, ухамсарлаж байна вэ? Гарал үүслийн гэрчилгээ олгох журмын хэрэгжилт ямар байна?

-Малчдад чирэгдэл үүсгэхгүйн тулд 2004 оноос хойш Гарал үүслийн гэрчилгээ олгох журмыг 4 удаа өөрчлөн, шинэчлээд байна. Хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сард аймгийн ИТХ-аас ажлын хэсэг томилогдон гарал үүслийн гэрчилгээ олгох журмыг өөрчилсөн. Энэ өөрчлөлтөөр хэсгийн төлөөлөгч эзгүй тохиолдолд малчин хүн сумандаа хүлээлгүйгээр гарал үүслийн гэрчилгээгээ авч яваад замын дагуу хамгийн ойр байгаа цагдаагийн ажилтнаар баталгаажуулах боломжтой болсон. Мөн багийн Засаг дарга, мал үржлийн тасгийн мэргэжилтэн хоёрын хооронд хэн өгөх нь тодорхойгүй үүсээд байсан асуудлыг шийдвэрлэсэн. Сумдад харьцангуй үнээр борлуулж байсан үнийн асуудлыг цэгцэлж, аль ч сум 2000 төгрөгөөр борлуулах болсон. Гарал үүслийн гэрчилгээний журмыг хэрэгжүүлснээр малчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлдэг. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Малчид Гарал үүслийн гэрчилгээг авахдаа Малын А данс, зүсмийн бүртгэлийг хөтлөн багийн Засаг даргадаа үзүүлсний дагуу гарал үүслийн гэрчилгээг олгох ёстой. Баримтаа бүрдүүлж ирээгүй бол багийн Засаг дарга өгөхгүй байх эрхтэй. Малчид бод малаа өдрийн хариулгатай, шөнийн манаатай байлгах хэрэгтэй байна. Бэлчээрт байгаа хариулгагүй малыг хүмүүс хулгайн нүдээр хардаг. Бидний судалгаагаар 22.00-06.00 цагийн хооронд гэрээсээ хол бэлчээрт байгаа үхэр хулгайд их өртөж байна. Нөгөөтэйгүүр малчид туслах малчидтайгаа зайлшгүй гэрээ хийж ажиллах хэрэгтэй байна.  

- Мал хулгайлах гэмт хэргийн одоогийн нөхцөл байдлын талаар?

-2016 онд манай аймагт мал хулгайлах гэмт хэрэг 60 хувиар буурсан. 2017 оны I улиралд 19 гэмт хэрэг манай аймагт үйлдэгдсэний 10 нь туслах малчнаас шалтгаалсан байна. Туслах малчин гэрээ хийхгүй, оршин суух тодорхой хаяггүй, өөрийн гэсэн малгүй, айл айлаар хэсэж малыг нь харж, цалинжиж байгаа хүмүүс. Эдгээр хүмүүс айлын малыг 1-2 сарын хугацаанд маллах үеэрээ тухайн айлыг судлаад, ажиллаж байснаа яваад өгдөг. Дараа нь утсаар ярьж, гэрт нь хүнгүй, хол яваа үеийг мэдэж аваад хамтрагчтайгаа ярилцан очиж хулгайлдаг тохиолдол байна. Туслах малчинтай гэрээ хийгээд, малаа тогтмол маллагаатай байлгавал малын хулгайн гэмт хэргээс сэргийлэх боломжтой юм. Мөн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орчин үеийн техник хэрэгслийг ашиглах шаардлагатай байна. Тухайлбал,  бод малд GPS суулгаснаар малаа хэдэн км-т бэлчээрлэж байгаа зүг чигийг мэдэхээс гадна, хамаарах тойргоосоо хэтэрвэл эзнийхээ гар утсанд дохиолол өгдөг учраас их ач холбогдолтой.

- Мал хулгайлах гэмт хэргийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Малчдыг бүх бод малдаа зүсмийн бүртгэл хөтлөөд, зурагжуулах талаар Хэнтий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоол гарсан. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ирэх сарын 1-нээс эхлээд багийн Засаг дарга, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн албан хаагчид амьд үеийн зургийг үндэслэн Гарал үүслийн гэрчилгээг олгоно. Бод малыг зурагжуулснаар ЦЕГ-ын мэдээллийн санд малын содон шинж, им тамга орж, тамганы байршил, бусад шинжүүдээр шууд таних, эрэн сурвалжлахад ач холбогдолтой байдаг. Тиймээс малчид үүргээ биелүүлэн, малынхаа гэрэл зургийг авч мэдээллийн санд оруулах хэрэгтэй.
Д.Одонтунгалаг
Related news