Өндөр настан, бага насны хүүхдийг осгож амь насаа алдахаас аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-26 13:38:58

Өнгөрсөн хоногт үүссэн цаг агаарын нөхцлийн улмаас хотын баруун, зүүн чиглэлд авто замын нөхцөл байдал хүндэрч нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.

Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны давааны баруун талд бага насны хүүхэд зорчиж яваа Приус загварын суудлын автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагыг 19:02 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар хүрэлцэн очиход Пруис 20 загварын автомашин төв замаас гарч цасанд суусан дотор нь 7 настай хүү, 63 настай эрэгтэй, 26 настай залуу  байсныг гарган аюулгүй газарт хүргэсэн байна. .
Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн даваанаас Жаргалант тосгон орох замд Ланд крузер загварын автомашинтай иргэд шаварт суусан байна гэсэн дуудлагыг 23:27 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар очиход  Ланд крузер загварын  автомашин шаварт суусан гаргах боломжгүй байсныг автомашиныг орхиж 28-67 насны 4 иргэнийг аюулгүй газарт хүргэжээ.
Нийслэлийн зүүн чиглэлд Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн даваанд цас орсны улмаас зам мөстөж хальтиргаа үүсэн олон тооны автомашин боогдсон байна гэсэн мэдээлийг 2015.10.25-ны өдрийн 19:21 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 4 албан хаагч, 1 автомашинтай бүлэг ажиллаж 14 автомашинтай 44 иргэнийг буцааж цасанд боогдох, хөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан байна.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айдсын даваа, 12 дугаар хороо Морингийн даваануудад цас орсны улмаас зам мөстөж халтиргаа үүсэн олон тооны автомашин боогдсон байна гэсэн мэдээллийг 2015.10.25-ны өдрийн 19:20 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 4 албан хаагч, 1 автомашинтай бүлэг хүрэлцэн очиход халтиргаа үүссэний улмаас 12 автомашин явах боломжгүй болж, эзэд нь автомашинаа орхиж явсан байжээ. Улаанбаатар нэгтгэлээс 1 автомашинтай 4 ажилчин ажиллаж замын зорчих хэсэгт замын мөс арилгах 2 тонн бодис цацсан байна.
Цаашид цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, цасан шуургатай үед холын замд гарахгүй байхыг олон нийтэд онцгойлон сэрэмжлүүлж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Related news