Зээлийн эргэн төлөлт 20 орчим хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-23 19:50:49
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын хэмжээнд Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй байна. Хүмүүсийн амьжиргааг дэмжих, ажилтай орлоготой байх нөхцлийг бүрдүүлэх үүднээс анх 2011 оноос эхлэн жилийн гурван хувийн хүүтэй зээлийг гурван жилийн хугацаанд олгож эхэлсэн байдаг.
Гэвч зээл олгохдоо тухайн төсөл арга хэмжээний хэрэгжих үндэслэлийг нарийвчилж тооцоогүй, зээлийн хөрөнгийг  шаардлагатай эзэнд нь олгоогүй, эргэн төлөлтөд хяналт тавиагүй зэргээс шалтгаалж зээлийн эргэн төлөлт удааширсан аж. Дээрх хугацаанд нийт 1.2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө хуримтлагдсан байх  ёстой ч 2017 оны эхний улирлын байдлаар 600 орчим сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгаа  юм.
Сумын ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран  зээл эргэн төлүүлэх чиглэлээр тодорхой ажил хийж байна. Одоогийн байдлаар зээл татан төвлөрүүлэх ажил 20 орчим хувьтай. Мөн  2016 онд  батлагдсан 34 иргэний төсөл арга хэмжээнд 273 орчим сая төгрөгийн санхүүжилтийг олгох ёстой ч хөрөнгө санхүүгийн боломжоос шалтгаалж  олгоогүй аж.
Тус сум энэ онд  иргэдэд олгох зээлийн хэмжээг 300 сая төгрөг байхаар сумынхаа ИТХ-аар батлуулжээ. Нэг зээлдэгчид олгох хэмжээний дээд хэмжээг 30 сая төгрөг байхаар тооцоолж тавдугаар сарын 01-нээс  эхэлж төслийн материал хүлээж авахаар болов. 
Х.Эрдэнэбулган
Related news