Гэрэл цахилгаангүй 1300 өрхийг эрчим хүчинд холбоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-04-17 16:46:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгино хайрхан дүүрэгт гэрэл цахилгаангүй 1300 өрх байгаа бөгөөд үүнийг гурван тэрбум төгрөгийн санхүүжилтээр 100 хувь цахилгаанд холбоно хэмээн албаныхан хэллээ.


“Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт  Сонгинохайрхан дүүрг удирдлагууд оролцож энэ онд өрнүүлэх  ажлаа танилцуулав.

 Сонгино хайрхан дүүрэг 315 мянган хүн амтай бөгөөд 80 хувь нь гэр хороололд амьдардаг байна.  

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн ярихдаа, “Энэ онд дэд бүтцийн чиглэлээр хэд, хэдэн ажлыг хийнэ. Тухайлбал алслагдсан хороодын иргэдэд хүрч үйлчлэх нийтийн тээврийн асуудлыг шийдэж, Алтан овоо-10 дугаар хороолол чиглэлд дунд оврын автобус явуулдаг болсон. Мөн Орбитын уулзвараас Толгойтын эцэс үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын ажлыг энэ оны 10 дугаар сард дуусгахаар ажиллаж байна. Энэ оны төсөвт 900 орчим сая төгрөгөөр гэрэлтүүлэг, камержуулалт, явган хүний зам барихаар төлөвлөсөн. Дүүргийн хэмжээнд 2-5 насны нийт 31 мянган хүүхэд байгаагаас 10 мянга орчим нь  цэцэрлэгт хамрагддаггүй. Тиймээс цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр гуравдугаар хорооны хуучин өрхийн эмнэлэг, 31 дүгээр хорооны ахуйн үйлчилгээний байруудыг засварлан цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж эхэллээ.Түүнчлэн 20, 22 дугаар хорооны цэцэрлэгийн барилгын ажил 60 хувьтай байна” гэв.

Тус  дүүрэг 32 хороотой бөгөөд иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах үүднээс 10 мянгаас дээш хүн амтай есөн хороог хуваах судалгааг НИТХ-д хүргүүлсэн байна.
 
Б.Заяа
Related news