Нэг компани 30 га-гаас ихгүй талбайг нөхөн сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-21 15:57:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймаг орон нутгийн төрийн захиргааны байгууллагын зүгээс мөрийн хөтөлбөртөө “Эвдэрсэн газаргүй–Баянхонгор” аймаг болох хөтөлбөрийн зорилтыг тавьсан. Тус хөтөлбөрийн хүрээнд нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулах компаниудад дараах шаардлагуудыг тавихаар болжээ.

Нэг компанид олгох нөхөн сэргээлтийн талбайн дээд хэмжээ 30 га-гаас ихгүй байх ба гэрээлсэн ажлыг 2 жилийн дотор бүрэн хийж дуусгаж орон нутагт хүлээлгэж өгөх, 1 га тутамд 3 сая төгрөгийн барьцаа хөрөнгийг орон нутгийн тусгай дансанд төвлөрүүлэх, орон нутагт олгох хандив тусламжийн хэмжээ 1 жилд 100 сая төгрөгөөс багагүй байх шаардлага тавих юм байна.

Мөн зөвхөн эвдэрсэн газрын хэмжээнд тавьсан хатуу цэг тэмдэгтийн хүрээн дотор нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах, ажиллах хүчний 60-аас доошгүй хувийг орон нутгаас авах, орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг гадна бусад зах зээлээс авахгүй байх, орон нутагт бүртгэлтэй тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймаг сум орон нутгийн өмнө тулгамдаж байгаа аливаа асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал санаачилга гаргаж ажиллах ёстой гэнэ.

Мөн Баянхонгор аймагт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахдаа эрх бүхий байгууллага албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж ажиллах, уул уухайн ил тод байдлыг бий болгож, олборлосон баялаг, татвар төлбөрөө тайлагнаж байх, аливаа эрсдэлээс үл хамааран нөхөн сэргээлтийн талаар гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэхийг шаардаж ажиллах юм байна.

                                                                                                                   Б.Мөнхзул

Related news