Ахмадад ээлтэй сум, байгууллагыг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Otgontuya@montsame.mn
2017-03-20 13:12:19

Дундговь/МОНЦАМЭ/Ахмад настанд чиглэсэн үйл ажиллагаагаа үнэлүүлж Өндөршил сум “Ахмадад ээлтэй сум”, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэг “Ахмадад ээлтэй байгууллага”- аар тус тус шалгарлаа.

Өндөршил сумын хувьд Ахмадад ээлтэй сум шалгаруулах болзлыг 93 хувиар хангасан байна. Сумын Засаг даргын захирамжаар сар бүрийн 6- ны өдөр  “Нас тогтох сайхан” өдөрлөг зохион байгуулдаг болж, ахмад настны эмч, сувилагч ажиллуулан, шинээр ахмадын сувилал нээсэн. Энэ нь хол явж эмчилгээ хийлгэж чаддаггүй болон байнгын асаргаа сувилгаа шаардлагатай өндөр настнуудын талархлыг хүлээсэн байна. Мөн сум хөгжүүлэх сангаасаа 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө гаргаж сумын ахмадын танхимыг засварласан зэрэг ажлууд нь өндрөөр үнэлэгджээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн хувьд ахмадад ээлтэй байгууллагын болзлыг 91 хувьтай биелүүлсэн байна. Тус байгууллагууд ахмад настны асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл ажиллуулж, ахмадын санг журмын нь дагуу бүрдүүлэн, өөрийн харъяаны ахмад настнуудын эрүүл мэнд, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлдэг. Мөн ахмадуудынхаа хөдөлмөр үйлсийг сурталчлах зорилгоор ахмадын булан байгуулжээ.

Мэргэжлийн хяналтын газар ахмадууддаа зориулж чийрэгжүүлэлтийн танхим нээсэн бол 1-р цэцэрлэг ахмадуудаа зөвлөх багшаар ажиллуулж, ахмад залуу үеийн холбоог бэхжүүлэхэд анхаардаг байна.

Т. Отгонтуяа    

 

Related news