ХОВД: Хөөмийн урлагтай холбоотой 10 гаруй илтгэл танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Олон
улсын хөөмийн зургаадугаар наадам өнөөдөр Ховд аймагт эрдэм шинжилгээний бага хурлаар
эхэллээ.
“Монгол хөөмийн урлаг” сэдэвт тус эрдэм шинжилгээний бага хуралд ОХУ, Тува, БНХАУ-ын ШУӨЗО, Өвөр монголын өөртөө засах орон, Монгол Улсаас 10 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, хөөмийн урын сангийн хөгжил, хөөмий судлал дахь соёлын онол, арга зүйн зарим асуудлын талаар илтгэл танилцууллаа.
Ховдынхон хөөмийн урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхээр олон ажлыг санаачилж, хэрэгжүүлж байна. Энэ удаагийн хөөмийн наадам наймдугаар сарын 4-ний өдөр хүртэл тусгай хөтөлбөрийн дагуу үргэлжилж, шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулах юм.
Ховд
аймагт хөөмийн урлагийг түгээн дэлгэрүүлэгч, өвлөн уламжлагч олон бий. Зарим
иргэн Чандмань сумыг хөөмийн өлгий нутаг хэмээдэг.
Хөөмийг 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэжээ.
Мөн 2019 онд Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, монгол
хөөмийг Гиннесийн номд бүртгүүлж байсан түүхтэй.