СЭЛЭНГЭ: Б.Бат-Эрдэнэ: Унианг дор нуугдсан хөвд шатах гол материал болж өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймагт олон удаагийн давтамжтай гарч байгаа ой хээрийн түймрийг унтраах үйл
ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын
хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Сэлэнгэ аймагт энэ жил түймрийн дэгдэлт нэлээд их байна. Ойр ойрхон олон
давтамжтай гарч байгаа нь нэлээд хүндрэлтэй байгаа болов уу. Энэ талаар
мэдээлэл өгнө үү?
-Сэлэнгэ аймагт гарсан ойн
түймрүүд нь олон жил ойн цэвэрлэгээ хийгдээгүй, хөвч тайгад гарч байна. Нөгөө
талаас хөгшин ой учраас унианги ихтэй байгаа нь унтраах ажилд цаг хугацаа их
шаардаж байгаа. Мөн хуримтлагдсан зузаан хөвд ихтэй байгаа нь шатах гол
материал болж өгч байна.
-Тайгад ойн гүнд түймэр гарч байна
гэлээ. Унтраах ажиллагааг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Бид өдөр бүр түймэр унтраах
ажилд 2-3 тактик боловсруулан ажиллаж байна. Зуны улирал учраас онцлогтой
байгаа. Учир нь гуу жалга судгаар шөнө буусан шүүдрийг ой модруу залах аргаар
түймэр унтраахад чиглүүлж байна.
Мөн бид гуу, жалга, судаг болон
байгалийн бартааг ашиглаж ой, хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион
байгуулж байгаа. Ганцхан хүний гараар түймэр унтраахад маш их хүндрэлтэй байна.
Тодруулбал машин хүрч болох газарт ойн мэргэжлийн ангиудын Зил-131 машинаар
голомтод тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байгаа бол машин техник хүрэхгүй газарт
нисдэг тэрэг ашиглаж байна.
Хүчтэй салхинаар унаад олон жил
болсон хур, битүү унианги моднууд асаж байгаа учраас маш их хүндрэл үүсгэж байна.
Ялзраад өмхрөөд удсан унианг
модыг хөрөөдөхөөр дороо үлддэг. Түүнийг нь тороосон шүүрээр шүүрдэхэд үлдээд 3-4
хоногтоо зүгээр байж байгаад 5-6 хоногийн дараа нарны хүчээр эргэж асаж байна.
-Хүн хүч, техник бусад зүйлс дутагдаж байна уу?
-ОБЕГ-аас Сэлэнгэ аймаг руу маш
их анхаарч дэмжлэг туслалцаа, хүн хүч, техникийг татан төвлөрүүлж байгаа.
Энд техник, хөрөнгө, хүн хүч дутсан зүйл байхгүй, харин унтраах ажиллагаа бартаа саадтай, хөвч тайгад байгаа учраас хүндрэлтэй байна.
