Махны үнэ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-22 19:10:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт махны үнэ өмнөх сарынхаас килограмм тутамдаа 500-800 төгрөгөөр нэмэгджээ.

Өнөөдрийн байдлаар "Дэлгэрэх" хүнсний захад 1кг хонины мах цул нь 5500, ямааных 4800 төгрөг, ястай мах жижиглэнгээр ямаа 1 кг нь 3500, хонины мах 4200-4500 төгрөгөөр зарагдаж байна. Харин богийн мах гулуузаар нь авбал кг тутамдаа 300-500 төгрөгөөр хямд байгаа бөгөөд ууцны хонь 1кг-ийг нь 4500 төгрөгөөр борлуулж байсан.

Мөн үхрийн мах цул нь 6000-6500 төгрөг, ястай мах 1 кг нь 5500 төгрөгийн ханштай байна. Сар шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд тус захад богийн цул махны худалдаа гүйлгээтэй байгаа бөгөөд кг тутмыг нь 500 төгрөгөөр тооцон машиндуулж авч байгааг худалдагчид хэлсэн. Мөн энэ өдрүүдэд тэмээ, адууны махны худалдаа тун ховор байгаа гэнэ.

Дайвар бүтээгдэхүүний хувьд тус захад богийн гэдэс 2000 төгрөг, толгой 1000 төгрөгөөр зарагдаж байна.

                                                                                                                 Б.Мөнхзул

Related news