Чингис хотын хог хаягдлыг зайлуулах шинэ менежмент хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-02-22 13:56:30

Хэнтий /МОНЦАМЭ/. Иргэдээс авсан санал асуулгын дүнгийн дагуу Хэнтий аймгийн төв Чингис хотын хог хаягдлыг зайлуулах шинэ менежментийг ирэх 3 дугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхлэх гэж байна.

Тус аймгийн төвд гэр хорооллын 4000 гаруй айл өрхөд хог хаягдал ачих үйлчилгээний 2 машин ажиллаж байгаагаас иргэд дуудлага өгсөн даруйдаа үйлчилгээгээ авч чадахгүй байна гэх гомдол ихээр гаргадаг байна.

Иймд хог хаягдлыг зайлуулах шинэ менежментийг хэрэгжүүлсэнээр 35 иргэнийг ажлын байраар хангах ба хог ачилтын үйлчилгээ 5-6 дахин сайжирч,  иргэд үйлчилгээгээ түргэн шуурхай, чирэгдэлгүй авах боломж нээгдэнэ.

Ингэхдээ сар бүр Чингис хотын гэр хорооллын иргэд аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталсаны дагуу цахилгааны төлбөр дээрээ хог хаягдлын үйлчилгээний хураамж болох 4000 төгрөгийг төлж байх юм. 

Энэ сарын 15-ны өдөр Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат БЗӨБЦТС ТӨХК-ий Хэнтий салбарын дарга Х.Ганчулуун нар цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр дээр хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Д.Одонтунгалаг

 

Related news