Японы Оита мужаас туршлага судалж, шинэ санаа, шинэ технологитой танилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-15 22:40:09

Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл Япон улсаас Монгол улсад суух элчин сайдаар ажиллаж байсан Такэнори Шимизүгийн урилгаар тус улсын Ойта мужийг зориод ирлээ.

Айлчлалын хугацаанд Оита мужийн “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөний туршлагыг судалж, Дундговь аймгийн аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхэц болохуйц шинэ санаа, техник технологитой танилцжээ.

Аймгийн удирдлагуудыг Японы Оита мужийн Бэппү хотын захирагчийн орлогч Хисаказу Анан, ИТХ- ын дарга Хоримото, Эхимэ мужийн захирагчийн орлогч Жоко Тошифуми нар хүлээн авч уулзсан байна.

Японы Ойта муж бол 1980- аад оноос үүсгэн өрнүүлж ирсэн “Нэг суурин- Нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнөөрөө алдартай. Энэ нь дэлхийн олон оронд сайн туршлага болсон байдаг. Дундговь аймгийн Засаг даргын 2020 хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаад байгаа сум бүрт нэг үйлдвэр байгуулж, брэнд бүтээгдэхүүнтэй болох зорилт нь “Нэг суурин- нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөний зорилготой адил тул энэ хөдөлгөөний амжилтад хүрсэн туршлагаас суралцахыг ийнхүү зорьсон ажээ.

Японы Эхимэ мужийн хувьд харьцангуй цөөн хүн амтай ч мандарин, лийр тариалалтаараа улсдаа тэргүүлдэг бүс нутаг. Жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар нь амжилттай хөгжсөн муж бөгөөд сүү боловсруулах үйлдвэр, мөн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлийнх нь туршлагаар орон нутагтаа үйлдвэрлэл бий болгох боломжтой гэж үзсэн тухай Засаг дарга О.Бат-Эрдэнэ ярьсан юм.

Түүнчлэн онсэн буюу халуун рашаанаараа алдартай Оита мужийн Бэппү хотын аялал жуулчлалаа хэрхэн хөгжүүлж байгаатай танилцсан байна. Мөн тус хотын Соёл судлал сургалт солилцооны ассоциацийн захирал хатагтай Саяоки Гото хүлээн авч уулзахдаа, Дундговь аймгийн эмэгтэйчүүдийг Япон улсад туршлага судлуулахад дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна. Энэ мэтээр орон нутагтаа хэрэгжүүлж болохуйц шинэлэг ажлын санаа олсон, цаашид хамтын ажиллагаа тогтоох боломжийг бүрдүүлснээр Японы улсыг зорьсон айлчлал үр дүнтэй болсныг Засаг дарга тэмдэглэлээ.

Дараагийн удаад дээрх хотуудтай хэрхэн хамтран ажиллах тухайгаа илүү тодотгож, тодорхой үр дүнд хүрэхүйц ажлыг эхлүүлэх юм байна.

Т. Отгонтуяа 

 

 

Related news