Иргэд уранхай мөнгө хийдгээс болж нийтийн тээврийн компаниуд алдагдалд оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-02-02 18:20:38

Зорчигч тээврийн нэгтгэл/ЗТН/ байгуулсан цагаасаа хойш ажилчдын эрх ашгийг зөрчиж буй талаар Автобус баазуудын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийв.

Дөрвөн жилийн өмнө Нийтийн тээврийн Автобус-I, Цахилгаан тээвэр, Автобус-III байгууллагуудыг нэгтгэн Зорчигч тээврийн нэгтгэлийг цомхон бүтцээр удирдах гэж байгуулсан ч өнөөдөр байдал эсрэгээр байна. Хуучин гурван бааз тусдаа ажиллаж байхад 120 орчим удирдлагын албан хаагчтай байсан бол одоо 160 хүнтэй ажиллаж байгаа нь эдийн засгийн үргүй зардалгаргахаас гадна хүнд суртлын шат дамжлага нэмэгдэх үндэс болж байна гэж тэд үзжээ.

ЗТН-ийн хоёрдугаар баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Гэрэлчулуун “Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатар ажлаа авснаас хойш удирдлагын багт ах дүү, хамаатан саднаа томилох гэж хуучин ажилчдаас албан тушаалыг нь  байгууллагын мөнгөөр тэтгэмж олгох нэрээр худалдан авч байна. Нийтийн тээвэрт насаараа ажилласан жолоочид тэтгэвэрт гарахад нь 1-5 сарын тэтгэмж олгодог. Гэтэл ерөнхий нягтлангийн албыг булааж авахын тулд хуучин ажилтанд нь 13 сарын тэтгэмж өгөөд гаргасан. Мөн байгууллагад томоохон зардал болдог сэлбэг хэрэгсэл, шатах тослох материал авахдаа зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авч хохирол учруулж байна. Жишээлбэл, Deawoo BS106 хөдөлгүүрийг дотоодод 7-9 сая төгрөгийн үнэтэй байхад 13-15 сая төгрөгөөр худалдан авч байна. Ажилчдын нийгмийн халамж, ажлын байрны нөхцлийг сайжруулах талаар санал тавихаар эдийн засгийн бололцоо алга байна гэдэг. Дээр нь ажилчдын эрх ашгийг хамгаалдаг Үйлдвэрчний эвлэлийн ганц байгууллагын үйл ажиллагааг бүр мөсөн хориглож, санхүүг нь хязгаарласан. Ийнхүү жирийн ажилчдыг доромжилсон үйлдлийн эсрэг бид хууль шүүхийн байгууллагаар эцсээ хүртэл явна” гэв.

Улаанбаатар смарт карт компани иргэдийн төлсөн төлбөрийн 10 хувиар санхүүждэг. Мөн иргэд бэлэн мөнгөний хайрцагт уранхай мөнгө хийдэг байдлаас болж нийтийн тээврийн компаниуд алдагдалд орж, ажилчдынхаа цалинг тавихад хүндрэлтэй болсон тухай Зорчигч тээврийн нэгтгэлийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дарга П.Баттулга ярив.

Иймээс Нийслэлийн удирдлагуудаас нийтийн тээвэртээ яаралтай анхаарал хандуулж, шинэчлэхийг хүслээ.

М.Аминаа

Related news