Төрийн хариуцлагыг бэхжүүлэхэд иргэдийн оролцоог чухалчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-01-31 12:08:27

Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хүргэхэд хамгийн их тулгамдаж буй асуудлуудыг шийдэх арга замыг бүтээлч байдлаар эрэлхийлэхээр орон нутгийн иргэд, иргэний нийгмийн бүлгүүд, нийслэлийн удирдлагуудтай санал  солилцлоо.

Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх, мөн ажлын байр бий болгоход бэрхшээлүүд байнга тулгарч буй юм. Харин үүнийг үр нөлөөтэй бодлого засна хэмээн албаныхан тодотгож байна.

"УИХ-аас 2015 онд баталсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль нь бодлогын баримт бичгийг боловсруулах болон хянах үйл явцад иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн байдаг. Энэ нь бодлоын баримт бичгийн чанар болон тэдгээрийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хийсэн томоохон алхам юм. Өнөөдрийн уулзалт бол уг хуулийг хэрхэн амьдрал дээр буулгах, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах талаар оролцогч бүх талууд зөвлөлдөх, өөрсдийн хувь нэмрийг оруулах индэр болж байна” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон онцлов.

Иргэд, Засгийн газрын хоорондох хоёр талт хамтын ажиллагааг Дэлхийн Банк болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд дэмжиж буй юм. Эл төсөл нь ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжихээс гадна нэн ядуу иргэд тулгарч буй асуудлынхаа талаар дуу хоолойгоо илүү тод сонсгох боломжийг олгожээ. 

Төсөл 2015 оны 11 дүгээр сард эхэлснээс хойш иргэний нийгэм ба олон төрлийн нийгмийн бүлгүүдийн төлөөлөл болсон 700 гаруй хүмүүс нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг ашиглан өөрсддөө тулгарч буй бэрхшээлүүдийг тодорхойлж сурчээ. Түүнчлэн нийгмийн эгэх хариуцлагын тухай www.irgen-tur.mn цахим хуудсыг иргэний нийгмийн байгууллагууд, иргэд хамтран нээжээ.  Цахим хуудаст төслийн үйл ажиллагаа, арга хэмжээний тухай мэдээллээс гадна нийгмийн эгэх хариуцлагын талаарх мэдлэг, амьдралд авч хэрэгжүүлж болох хэрэгслүүд зэргийг байршуулан, мэдээллийн нээлттэй бааз үүсгэсэн байна.

Төслийг ядуурлын түвшин харьцангуй доогуур 10 аймаг, нийслэлийн гурван дүүрэгт хэрэгжүүлж буй аж. Эдгээр аймгууд ба дүүргүүдээс гарах үр дүн, шилдэг туршлагыг улс орон даяар нэвтрүүлэх аж.

Л.Нандинцэцэг

Related news