Улсдаа 10 сая төгрөг, алтан бөгж, арван агт адуугаа хандивлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-01-30 18:37:51

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө аяныг эхлүүлж байгаагаа зарлалаа.

Тодруулбал, иргэн бүр нас, ажил үүргийн онцлогоос шалтгаалж тус бүр 1000-100 сая төгрөг хандивласнаар нийт 640 гаруй тэрбум төгрөг "Эх орныхоо төлөө" санд төвлөрөх гэнэ. Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуй нэгжээс 2-2.5 сая төгрөгийн хандив хүсч байгаагаа энэ үеэрээ хэллээ. 

Үүнээс гадна оффшор данс эзэмшигчдээс 350 орчим тэрбум төгрөгийг тус санд нэгтгэх бололцоотой гэж үзсэн байна. Хэрэв санд хандив өргөсөн тохиолдолд хандивлагчдын мэдээллийг нууцлах аж. Нийт дүнгээр нь авч үзвэл аяны хүрээнд нэг их наяд төгрөг цуглуулах боломжтой хэмээн ахмад эдийн засагч тооцоолсон байна.

Б.Осоргарав гуай хэвлэлийн бага хурлын үеэр өөрийн зүгээс 10 сая төгрөг, алтан бөгж, арван агт адуугаа хандивлаж буйгаа мэдэгдэв. Аян өнөөдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд үргэлжлэх юм.

Б.Гаваа

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Related news