Хараагийн гүүрийн богино хугацаанд засах асуудлыг Засгийн газарт оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-28 22:58:17

Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Зам, Тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Сайдын ахалсан ажлын хэсэг Дархан-Улаанбаатар хотыг холбосон авто замыг сайжруулж шинэчлэх асуудлыг газар дээр нь үзэж судлах зорилготой иржээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат орон нутагт тулгамдаж байгаа авто зам, тээврийн асуудлыг сайдад танилцууллаа. Тус аймагт Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай 47.97 км авто зам, Хараа голын 135 метр урт  төмөрбетон гүүрийн засвар, Дархан сумын 11, 12, 13 дугаар хорооллын 5,7 км авто зам, Хонгор сумаас Салхит баг хүртэлх 13,1 км авто зам, 15 дугаар багийн Мангирт хороолол доторх 2,08 км авто замын асуудлыг хөндөж тайлбарлав.

Ажлын хэсэг Хараа голын 135 урт метр төмөрбетон гүүрийн байдалтай газар дээр нь танилцах үеэр аймгийн удирдлагууд тус гүүрийн тулгуур, дам нуруу болон бусад хийцэд гэмтэл гарч хүнд даацын авто машин зорчих боломжгүй болсон талаар 2014 онд гарсан Мэргэжлийн Хяналтын улсын байцаагчийн “Хараагийн гүүрийн ашиглалтад засвар үйлчилгээ хийх дүгнэлт”-ийг танилцуулсан юм. Төмөрбетон гүүрийг үзэж танилцсан Монгол Улсын Зам, Тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат эхний ээлжинд энэ гүүрийн засварын зураг төсвийг нь авч богино хугацаанд хамгийн бага зардлаар засах талаар судлаж Засгийн Газрын хэмжээнд танилцуулах чиглэл өглөө. Дараа нь тус аймагт ажилладаг төрийн үйлчилгээний босоо удирдлагатай байгууллагуудын ажил байдалтай танилцах хөтөлбөртэй яваа аж.  

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Related news