Агаарын бохирдлын эсрэг тайван жагсаалд идэвхтэй оролцохыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-27 12:40:07

Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг “Боож үхлээ” тайван жагсаал энэ сарын 28-ны 12.00-13.40 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.

Өнөөдөр “Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ-аас энэхүү жагсаалд идэвхтэй оролцохыг Нийслэлийн иргэдэд уриалав.

“Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ-аас өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-нд агаарын бохирдлын эсрэг жагсаал зохион байгуулж, Засгийн газрын ээлжит хуралдаанаа агаарын бохирдол ихтэй Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд хийх, утааг бууруулах чиглэлээр сүүлийн 15 жилийн хугацаанд хийсэн ажлын тайланг энэ сарын 15-ны дотор нийтэд мэдээлэх шаардлагыг төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн. Мөн 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө 80 хувь бууруулах төлөвлөгөө боловсруулж, танилцуулах хүүхдийн өвчлөл, нас баралтын статистик мэдээллийг долоо хоног тутамд олон нийтэд хүргэх зэрэг шаардлагад хариу ирүүлээгүй байгаа юм. Тиймээс энэ удаагийн жагсаалаар дээрх шаардлагуудын хариуг нэхэх аж. Харин эмнэлгийн хонгилд хүүхэд хэвтүүлэхгүй байх шаардлага тодорхой хэмжээгээр биелж эхэлснийг зохион байгуулагчид онцлов.

Жагсаалыг зохион байгуулагч Г.Март, “ЕБС-ийн амралтыг сунгасан. Үүнтэй холбоотойгоор өвчний тархалт тодорхой хэмжээгээр буурч байгаа. Гэсэн хэдий ч хүүхдийн эмнэлгүүдийг шинээр байгуулах нь нэн тэргүүний асуудал болоод байна” гэв.

Агаарын бохирдлыг бууруулах нь зөвхөн ээж, аав, хүүхдүүдийн асуудал биш. Нийслэлийн бүх иргэд хорт утаагаар амьсгалж байгаа тул энэ нь нийгмийн өмнө тулгамдсан томоохон асуудал юм. Тиймээс иргэдийг уг жагсаалд идэвхтэй оролцож, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхтуяа уриалав.

“Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү энэхүү жагсаал цуглааныг хэн нэгний захиалга, санхүүжилтээр зохион байгуулж байгаа гэсэн худал цуу яриа тарсныг дуулгаад, “Өнгөрсөн оны 12 дугаар сард зохион байгуулсан жагсаалыг 950 мянган төгрөгөөр зохион байгуулсан. Анхны жагсаал зохион байгуулах талаар цахим ертөнцөд мэдээллэхэд “Монголын эмэгтэйчүүдийн сан”-гаас бидэнд нэг сая төгрөг хандивласан. Үүнээс 800 мянган төгрөгөөр нь “Music tec” компаниас хөгжим, тайз түрээсэлсэн. Тус компани энгийн үед 2.4 сая төгрөгөөр түрээсэлдэг багцаа бидэнд 800 мянга болгож бууруулсан. Энэ удаагийн жагсаалыг зохион байгуулах санхүүжилтийг иргэдээс хандив цуглуулах замаар бүрдүүлж байна. Одоогоор 123 иргэнээс дөрвөн сая төгрөг цуглаад байна. Энэ бол жагсаалаа зохион байгуулахад хангалттай мөнгө" гэлээ.

Жагсаалд “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун, Хөгжмийн зохиолч, СТА Б.Чинбат, "Номин талст" хамтлагийн гишүүн Т.Дэлгэрмөрөн, Sweetymotion, Lemons зэрэг урлагийн алдартнууд оролцох юм. "Никитон" хамтлагийн ахлагч Б.Батчулуун агаарын бохирдлын эсрэг “Чи” дуугаа дуулах аж. Жагсаалын үеэр 1200 хар шаар, шүгэл тараах юм. Уг шаар нь хүүхдийн уушги утаанаас үүдэлтэйгээр хэрхэн бохирдож, эндэж буйг харуулах зорилготой бөгөөд Төрийн ордны хашаанд өлгөнө. Харин өнөөдөр 15.00 цагт “Blue mon” цамхагт 5-16 насны 80 гаруй  хүүхдийн агаарын бохирдлыг хэрхэн харж буйгаа дүрсэлсэн гар зургийн үзэсгэлэнг  нээх аж. 

Мөн тус ТББ-аас жагсаал зохион байгуулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр төрийн өндөрлөгт дуу хоолойгоо хүргэхэд дэмжлэг үзүүлж буй аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэв. Тухайлбал, “Пластик дизайн” компани уриа, шаардлага бүхий хулдаасан хэвлэлийг үнэгүй хэвлэж өгч байгаа бол “Витафит”, “Сүү”, “АПУ”, “БОСА” зэрэг олон компани жагсаалын үеэр халуун цай, аарц, чацарганаар үйлчилдэг байна. Мөн “Скайтел”, “Жи Мобайл” компани иргэдэд жагсаалд оролцох уриалга бүхий мессежийг үнэ төлбөргүй явуулжээ. УДЭТ-ын хамт олон агаарын бохирдлын эсрэг уран бүтээл хийх болсон бол Б.Ганчимэг захиралтай Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг мэдээллийн танхимдаа хоёр удаа үнэ төлбөргүй хэвлэлийн хурал хийлгэсэн. Дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүс, аж ахуйн нэг, байгууллагад талархал илэрхийлэв. 

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news