Зөвлөх багшийн тоо 59-өөр нэмэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-01-25 13:52:11

Багш мэргэжлийн хамгийн өндөр зэрэг болох “Зөвлөх”-ийн үнэмлэхийг 59 багшид өнөөдөр гардууллаа.

Мэргэжлийн үнэмлэх гардуулах, туршлага солилцох уулзалт өнөөдөр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд болов.

Энэ жил нийт зөвлөх багшийн зэрэг авах 100 гаруй хүсэлт ирснээс 59 багш шаардлага хангажээ. Эдгээр багш нарын ихэнх буюу 17 нь сургуулийн өмнөх болон бага боловсролын хичээл заадаг гэдгээрээ онцлогтой юм.

Зөвлөх багш мэргэжлийн зэрэг авахад ЕБС-д 15-аас дээш жил тасралтгүй ажиллаж, сурагчдыг сургах судалгаан дээр үндэслэн гурваас дээш арга технологи нэвтрүүлж, өөрийн туршлагаа түгээн дэлгэрүүлсэн байх шаардлагатай аж. Зөвлөх зэрэг нь 10 жил хүчинтэй  бөгөөд хугацаа дуусмагц дахин зэргээ хамгаалдах юм. 

 Зөвлөх зэрэг авсан зарим багш нараас сэтгэгдлийг нь сонсов.

-Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын 3-р цэцэрлэгийн багш Цэрэндулам:

-Зөвлөх багшийн зэрэг авсандаа баяртай байна. Манай аймгийн төвд цэцэрлэг цөөхөн учраас нэг ангид 50 гаруй хүүхэд хүмүүждэг. Залуу багш нарт энэ олон хүүхэдтэй нэгэн зэрэг ажиллах заах арга зүй туршлага дутдаг. Тиймээс би залуу багш  нартаа арга зүй талаас нь  зөвлөгөө өгдөг. Одоо зөвлөх багшийн ажлынхаа хүрээнд багш нарт арга зүйн сургалтаа улам эрчимжүүлнэ.

-СБД-ийн 11-р сургуулийн багш С.Гэрэлмаа:

-Би Боловсролын салбарт 1984 оноос хойш 33 жил тасралтгүй ажиллаж байна. Энэ олон жил  ажиллах хугацаандаа ихэвчлэн Математикийн гүнзгий ангиудад багшлан, сурагчдыг олимпиад, тэмцээнд  бэлтгэж ирсэн. Ер нь багш хүн бол байнга суралцдаг. Сурагчдын асуултад хариулт өгөхийн тулд шинэ мэдээлэл, мэдлэгт давхар суралцаж байдгаараа онцлогтой. Олон жилийн хөдөлмөрийн эцэст “Зөвлөх” багш зэргээ авч залуу багш нарыг сургах, тэдний мэдлэгт хувь нэмэр оруулах боломжтой болсондоо баяртай байна.

М.Аминаа

Related news