Яаралтай үед хэрэглэх өвс тэжээлээ тараан байрлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-21 00:02:36

Дархан-Уул аймгийн Хонгор сумын гурван багийн аюулгүйн нөөцөд тус бүр 300 боодол өвс бэлтгэж  малчдад ойртуулах зорилгоор тараан байршуулах ажлыг зохион байгуулж байна.

Тухайлбал нэгдүгээр багийн 50 боодол, хоёрдугаар багийн 160 боодол өвсийг агуулахад хурааж үлдэгдэл өвсийг багийн төв дээр айлын хашаанд хурааж хадгалжээ. Тус сумын хоёрдугаар багийн Засаг дарга, сумын Мал Эмнэлэг үржлийн тасаг, “Эрүүл мэндийн төв”-ийн эмч нар хамтарч сумаас алслагдсан “Бэрх уул”-ын ар, өвөр, “Дархан түлээт”, “Цавын гуу”, “Ханан”-гийн чиглэлд өвөлжиж байгаа 26 өрхийн малчдаар орж цаг үеийн байдал, өвөлжилттэй нь танилцжээ.

Цасны зузаан “Бэрх уул”-ын ар, өвөрт бэлчээртээ 13-18 см, “Цавын гуу”-д 26-31 см байна. “Хонгорын нуруу”-нд цасны зузаан 31 см, “Яргайт”,” Намдаваа” орчимд 22-26 см зузаан цасан бүрхүүл тогтон хатуурч малчин өрхүүдийн хоорондын зарим зам хаагджээ. “Хаалгач”, “Тарвагтайн даваа”, “Сонин Хангай”, “Ганц модот”-ын орчимд цасаар шуурч хатуурсанаас мал бэлчээрлэхэд хүнд боллоо гэж тус сумын Засаг дарга Т.Атархишиг ярилаа.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Related news