Нийгмийн даатгалын салбарт тогтолцооны шинэчлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-20 14:01:22

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар (ЭМНДЕГ)-аас төв, орон нутгийн салбаруудын удирдлагуудын чадавхжуулах сургалт, зөвлөгөөнийг өнөөдрөөс энэ сарын 21-н хүртэл зохион байгуулна.

Сургалт, зөвлөгөөнийг нээж  ХНХ-ын сайд Н.Номтойбаяр үг хэлэв. Тэрбээр "Манай яаманд ард иргэдийн маш олон асуудал багтаж байдаг. Бид энэ бүгдийг шийдэх гарцыг үргэлж эрэлхийлдэг. Тухайлбал Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт тогтолцооны өөрчлөлт,  шинэчлэлтийн 47 ажил тусгасан. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд 21 ажлыг эхлүүлж, зарим асуудлыг шийлдвэрлэх шатандаа явж байна. Шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд та бүхний оролцоо чухал учраас ажил хэрэгчээр хандана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Сургалт зөвлөгөөнд төв, орон нутгийн ЭМНД-ын удирдах түвшний 79 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд энэ үеэр зарим салбарын удирдлагуудтай уулзаж  ярилцав.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн ЭМНД-ын хэлтсийн дарга Б.Батсүх, “Манай дүүрэгт нийт тэтгэвэр авагчийн 10 хувь буюу 36 мянган ахмад амьдардаг. 2008 онд 24 мянга байсан бол эдүгээ 12 мянгаар өссөн. 3000 иргэн сайн дураараа даатгал төлдөг. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ сарын 16-наас “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян” эхэлсэн. Аяны хүрээнд бичиг баримтын зөрчил, шинээр тэтгэвэр тогтоолгож буй иргэдийг бүртгэх ажлыг 12 байцаагч гүйцэтгэж байна.

Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Хишигсүрэн 0-5 настай хүүхдэд 10 нэр төрлийн ханиад томууны эм, бэлдмэл үнэгүй олгохоор болсныг хэлээд, уг арга хэмжээнд нийт 1.5 тэрбум төгрөг  төсөвлөсөн хэмээв. Хөнгөлөлттэй эмийг ЭМЯ болон ЭМНДЕГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан 88 эмийн сангаар дамжуулан олгож байгааг дуулгав.

Мөн тэрбээр, “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-өөс элэгний С вирусын таван нэр төрлийн эмэнд хөнгөлөлт үзүүлэх болсон. Энэ эмийн нэг бүрийн үнэ 340-720 мянган төгрөгийн өртөгтэй байв. Нэг хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх юм” гэв.

Э.Энэрэл

Related news