Аймгийн цагдаагийн газар 2016 оны ажлаа тайлагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Цагдаагийн газраас 2016 оны үйл ажиллагаагаа иргэддээ нээлттэй тайлагнах тайлант өдөрлөгийн арга хэмжээг өнөөдөр Ардын Дуу Бүжгийн Хан Хэнтий чуулгад зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, зэвсэг хэрэгслийг иргэдэд дэлгэн танилцуулж, гарын авлага, боршур тараасан юм. Өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Хууль зүйн хэлтсийн дарга Л.Бат-Октябрь, Цагдаагийн газрын дарга, хурандаа О.Ганбат тэргүүтэй удирдлагууд цагдаагийн алба хаагчид болон ард иргэд оролцлоо. Тайлант уулзалтын дараа Цагдаагийн Ерөнхий Газрын дэргэдэх “Сүлд” чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөж, аймгийн ард иргэдэд уран бүтээлээ толилуулав.
Мөн энэ үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд идэвх зүтгэл гаргасан “Хэрлэнгийн цэнхэр алс” ТББ-ын тэргүүн Л.Энхбаатар, иргэн Л.Үл-Олдох нарыг баярын бичиг, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Хэнтий аймгийн хэмжээнд 2016 онд 420 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 40 хэрэг буюу 8.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнд хулгайн гэмт хэрэг 26.2 хувиар, мал хулгайлах гэмт хэрэг 59.7 хувиар, хүний амь нас хохирсон гэмт хэрэг 20 хувиар, дээрэм 83.3 хувиар, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 12.2 хувиар, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 5 дахин, хүчиндэх гэмт хэрэг 2.5 дахин тус тус буурчээ.
Харин иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 31 хувиар, албан тушаалын гэмт хэрэг 33.3 хувиар, залилан мэхлэх гэмт хэрэг 16.6 хувиар, ашиглал 50 хувиар, танхай 5.4 хувиар өсөж, бусад гэмт хэргүүд ижил түвшинд байна.
Д.Одонтунгалаг