“Халуун хоол” хөтөлбөр гурван сар үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан сумын ЗДТГ, аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар, Цагдаагийн газраас санаачилж хоёр дахь жилдээ “Халуун хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Дархан хотын орц, хонгил, дулааны худагт амьдарч байгаа иргэд хамрагдаж тэднийг иргэний бүртгэлд хамруулж нийгэмшүүлэхэд гол анхаарлаа хандуулж иржээ.
Дархан сумын “Сэтгэлийн ариун дэм” ТББ-тай хамтарч гурван сарын хугацаанд түр хоноглох байраар хангах аж. Тус суманд зорилтот бүлгийн 60 гаруй иргэн байдгийг цуглуулж усанд оруулж хувцаслан, эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулж үсийг нь засч халуун хоолоор дайлдаг. Өнгөрсөн жил 30 гаруй иргэн “Халуун хоол” хөтөлбөрт хамрагдан түр ажлын байртай болж өрхийн амьжиргаагаа дээшлүүлж чаджээ.
Энэхүү хөтөлбөр нь хэрэгжсэнээр дээрх орон байргүй, аль нэг дулаан газар олж хоног төөрүүлдэг иргэдийн нэгдсэн судалгааг гарган бүртгэж тулгамдаж байгаа асуудлыг нь тодорхойлж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион явуулдгаараа ач холбогдолтой. Төрийн болон төрийн байгууллагын тусламж дэмжлэгээр орц, хонгил, дулааны худагт амьдарч байгаа иргэд амьдрах итгэл үнэмшилтэй болж цаашид амьдралаа дээшлүүлэх эрч хүчийг олж авдаг” гэж Дархан сумын ЗДТГ-ын дарга н.Хүрэлчулуун ярилаа. Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа “Халуун хоол” хөтөлбөр хэрэгжсэнээр энэ жил зорилтот бүлгийн 30 гаруй иргэд гурван сарын хугацаанд түр хоноглох байртай болох юм.
Б.Норовсамбуу