Олон улсын зэрэглэлтэй зам дагуу халдваргүйжүүлэлт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Хонгор сумын нэг, хоёрдугаар багийн нутагт бог малын халдварт цэцэг өвчин гарч аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж 72 цагийн дотор холбогдох арга хэмжээ авснаар мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажилласан.
Тус сумын хоёрдугаар багийн “Зурамтай” хэмээх газрын “Хар модотын гуу” орчимд хонь ямааны цэцэг өвчин гарсаны улмаас сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 243 дугаар захирамж гарч хорио цээрийн дэглэм тогтоосны дагуу таван айлыг оролцуулсан дөрвөн км радиустай голомтын бүсийг тогтоож 255 бог малыг устгаж 396 бог малд вакцин хийжээ.
Мөн тус сумын нэгдүгээр баг “Буурал” уулын орчимд уг цэцэг өвчний хоёр дахь голомт илэрсэнтэй холбогдуулан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 246 дугаар захирамж гарч хорио цээрийн дэглэм тогтоосны дагуу дөрвөн айлыг оролцуулж 200 метр радиустай голомтын бүсийг тогтоож 41 бог малыг устгаж 80 бог малд вакцин хийжээ. Аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 07 тоот албан даалгавар, Бог малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, хор уршгийг арилгах талаар авч хэрэгжүүлэх аймгийн Онцгой комиссын ажлын төлөвлөгөөний дагуу хяналт тавьж байна.
Мөн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид Дархан-Сэлэнгэ чиглэлийн “Дархан-Хөтөл”, “Буурал хангай 40-ын пост”-ын шалган нэвтрүүлэх товчоогоор дамжин өнгөрөх бүх тээврийн хэрэгсэлд 24 цагаар хяналт тавьж мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй махыг буцааж байгаа ажээ. Хонгор сумын хоёр дахь голомтод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд олон улсын зам дагуу ариутгал халдваргүйжилтыг хийж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж ариутгалын бодисыг шингэнээр нь цацах бус харин нунтаг хэлбэрээр нь ашиглаж байна гэж аймгийн ОБГ-ын дарга Б.Батбаяр ярилаа. Түүнчлэн аймаг орон нутгийн хэмжээнд малын халдварт өвчний тандалт судалгааг хийж тодорхой арга хэмжээ авч байгаа учраас өвчний тархалт нэмэгдэхгүй гэв.
Б.Норовсамбуу