ДАРХАН-УУЛ: Эмнэлгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтэд 1.1 тэрбум төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-04-24 08:48:12

Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 1.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7 нэр төрлийн тоног төхөөрөмжийг санхүүжүүлэх шийдвэрийг гаргалаа.


Энэ хүрээнд Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтулга, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Мөнхбат, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Б.Чагнаадорж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.


Энэхүү санхүүжилтийн хүрээнд эмнэлгийн оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд шаардлагатай дараах тоног төхөөрөмжийг худалдан авах боломж нээгдэж байна.


Үүнд гемодиализын иж бүрэн аппарат, гемодиализын зөөврийн ус цэвэршүүлэх төхөөрөмж, хүүхдийн хэт авианы оношилгооны аппарат, хүүхдийн дурангийн иж бүрдэл, дижитал рентген аппарат зэрэг орчин үеийн, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүд багтжээ.


Уг хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлснээр Дархан-Уул аймаг төдийгүй төвийн бүсийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна хэмээн Б.Мөнхбат онцоллоо.



Өмнө нь Нэгдсэн эмнэлэгт нярайн зулай, хэвлий, тархи, зүрх судасны оношилгоо хийх орчин үеийн хүүхдийн эхо датчик бүхий аппарат дутагдалтай байсан бол энэхүү санхүүжилтийн хүрээнд уг хэрэгцээг хангах боломж бүрдэж байна.



Ингэснээр Улаанбаатар хотыг зорьж, өндөр зардал болон цаг хугацаа зарцуулан оношлуулах урсгал багасч, бодит үр дүн гарна. Мөн гемодиализын иж бүрэн аппаратыг шийдвэрлэснээр Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүдийн хүлээгдэл, дараалал мэдэгдэхүйц буурах боломж бүрдэх юм.


Related news