ДАРХАН-УУЛ: Энэ жил 25 мянган га талбайд тариалалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-04-20 15:46:39

Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Хаврын тариалалт эхлэх үе ойртож буйтай холбогдуулан ХХААГ-аас санаачлан ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд тариаланчдад зөвлөгөө, мэдээлэл өглөө. Аймгийн хэмжээнд үр тариа болон бусад ургамал тариалангийн чиглэлээр 103 аж ахуйн нэгж, иргэн, мөн төмс, хүнсний ногооны чиглэлээр 480 гаруй аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байна.


Аймгийн хэмжээнд 35 мянган га эргэлтийн талбайтай бөгөөд үүнээс энэ жил 25 мянга гаруй га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ. Үлдсэн талбайд ирэх жилийн тариалалтын бэлтгэл болгон уринш боловсруулалт хийх юм.



Тариаланчид цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан түлш, үрийн нөөц болон бусад хөнгөлөлт, дэмжлэгийн талаар холбогдох мэргэжилтнүүдээс мэдээлэл авлаа.

Төрөөс газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 185 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд олгохоор болжээ.


Дархан-Уул аймгийн хэмжээнд 180 орчим иргэн, аж ахуйн нэгж энэхүү зээлд хамрагдахаар хүсэлт ирүүлснийг ХХААГ-аас ХХААХҮЯ-д уламжилж, одоогоор 20 иргэн нийт 1.3 тэрбум төгрөгийн зээлд хамрагдсан байна.

Засгийн газраас 10 мянган тонн шатахуун нөөцөлж, тариаланчдад хөнгөлөлттэй үнээр олгож байгаагаас тус аймагт 25 тонн шатахуун хуваарилан, литрийг нь 3500 төгрөгөөр гэрээ байгуулан олгож эхэлжээ.


Мөн төмс, хүнсний ногооны механикжуулагч, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд 15 тэрбум төгрөгийн зээл олгох, үрийн хөнгөлөлт үзүүлэх худалдан авах ажиллагааг зарласан талаар мэдээллээ.


Тариалалт хийх 25 мянган га талбайн 70 хувьд үр тариа, тэжээлийн ургамал тариалж, үлдсэн талбайд төмс, хүнсний ногоо тариална. Тариалалтыг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр төлөвлөжээ.




Төрөөс үзүүлж буй хөнгөлөлттэй зээл, хүнсний ногооны урамшуулал, шатахууны хөнгөлөлт зэрэг нь тариаланчдад бодит дэмжлэг болж байгааг тариаланчид онцоллоо. Нөгөөтээгүүр цаг агаарын мэдээлэл маш тодорхой байх хэрэгтэй. Аймгийн УЦУОШАаас нарийвчилсан мэдээллийг гаргаж тариаланчдын холбоогоор дамжуулан хүргэж байхыг уламжиллаа.

Related news