ДАРХАН-УУЛ: Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 410 төсөл, хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-04-19 13:49:43

Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Энэ онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр болон шилжих 410 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжинэ. Үүнээс 120 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилттэй 118 ажлыг шинээр эхлүүлнэ. Тухайлбал, 1500 хүүхдийн сургуулийн барилгын ажлын үргэлжлэл, өрхийн эмнэлгийн өргөтгөл, 250 ортой бүсийн эмнэлгийн бүтээн байгуулалт, авто замын шинэчлэл зэрэг ажил багтаж байна.


Тус ажлын гүйцэтгэгчээр шалгарсан 57 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй аймгийн Засаг дарга, ГХБХБГ, Дархан хотын барилга захиалагчийн газар, Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга нар уулзалт хийж санал солилцлоо.




Уулзалтаар ААНБ-ын төлөөлөл бараа материалын үнийн зөрүүг арилгах, авто замын ажлуудад саад болж буй далан, карьерын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг онцлов.

Орон нутгийн зүгээс дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжин ажиллахаа илэрхийлж, ажлуудыг стандарт, норм дүрэм, аюулгүй байдлыг ханган хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг хүслээ.




Мөн аймгийн удирдах ажилтны дөрөвдүгээр сарын зөвлөгөөнөөс гарсан зарим шийдвэрийг танилцууллаа. Дээрх ААНБ-ууд нь зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хязгаарлагдахгүй, өөрсдийн хөрөнгө болон хувийн хэвшлийн оролцоотойгоор барилга угсралт, бусад ажил, үйлчилгээг хэрэгжүүлж байгаа тул гаргасан шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандахыг уулзалтад оролцсон болон бусад ААНБ-уудад уриалав.


Тухайлбал, Дархан хотод шинээр 16 давхар барилга барих зөвшөөрлийг түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэв. Учир нь авто машины зогсоол, ногоон байгууламжийн асуудлыг шийдвэрлэлгүйгээр олон оршин суугчтай орон сууц барьж буй нь зохимжгүй гэж үзжээ.



Мөн тухайн барилга угсралтын компани барилгын ажлынхаа 50 хувийг гүйцэтгээгүй тохиолдолд иргэдээс захиалга авахгүй байх шаардлага тавьж байна. Учир нь зөвхөн суурийн ажлыг эхлүүлсэн хэр нь иргэдээс урьдчилгаа төлбөр авч, барилга нь гүйцэд баригдаагүй, улмаар хуулийн байгууллагад шалгагдаж буй 2–3 тохиолдол байгааг онцлон тэмдэглэлээ.


Мөн тохижилтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор 5-6 байршилд үйл ажиллагаа явуулж буй ААНБ-уудад өөрсдийн эзэмшлийн өмнөх талбайд авто зогсоол байгуулах үүрэг өглөө. Хэрэв зургаадугаар сарын 1-нээс өмнө уг ажлыг гүйцэтгээгүй тохиолдолд орон нутгийн хөрөнгөөр тохижилтын ажлыг хийж, ЖДҮ эрхлэгчдэд түрээсээр ашиглуулахыг аймгийн Засаг дарга мэдэгдэв.

 

Related news