ДАРХАН-УУЛ: Хэвлийн хөндийн хагалгаанд шаардлагатай багаж, хэрэгсэл олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-04-22 11:22:21

Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвийн 131 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн тасагт эмч, ажилтнуудын захиалгын дагуу нэн шаардлагатай багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө.


Үүнд тархины хагалгааны бүрэн багц, томпсоны шарх тэлэгч болон төрөл бүрийн мэс заслын багаж, хэрэгсэл багтсан бөгөөд зэвэрдэггүй, өндөр чанартай материалаар хийсэн, олон удаагийн ариутгалд тэсвэртэй 32 нэр төрлийн 534 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.


Томпсоны шарх тэлэгч нь хэвлийн хөндийн хагалгаанд зайлшгүй шаардлагатай багаж бөгөөд орон нутагт анх удаа хүлээлгэн өгч байна. Энэ нь элэг тайрах зэрэг хэвлийн хөндийн томоохон хагалгааны үед зүслэгийг нээж, хүний гарын оролцоогүйгээр шархны ирмэгийг тогтвортой барих зориулалттай тусгай багаж юм.


Нэгдсэн эмнэлэгт 5-10 жилийн өмнө өдөрт дунджаар 4-5 хагалгаа хийдэг байсан бол өнөөдрийн байдлаар дунджаар 10, зарим үед 15-аас дээш хагалгааг гэмтэл, мэс засал, дотрын тасгууд хамтран хийж байна.


Багаж тоног төхөөрөмж шинэчлэгдэж шат, шатаар ахиж байвал эмч нарын хагалгааны үр дүн тэр хэрээр дээшилнэ гэдгийг мэс заслын тасгийн эмч нар онцолж байна.



Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, засаг дарга Б.Азжаргал нар тус тасгийн үйл ажиллагаатай танилцаж, хагалгаанд нэн шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн төсвийг ирэх оны төсөвт суулгахаа илэрхийллээ. Төслийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, их эмч Б.Батхишиг санаачлан хэрэгжүүлжээ.

 

Related news