ЗАВХАН: Идэр голын урсцын 60 орчим хувь нь борооны усаар тэжээгддэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-20 15:34:33

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймаг Монгол Улсын нийт гадаргын усны нөөцийн 0.12 хувь, газрын доорх усны нөөцийн 0.16 хувийг бүрдүүлж байна.


Тус аймаг нь ус зүйн сүлжээгээр Хойд мөсөн далайн ай сав болон Төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамрагддаг. Хойд мөсөн далайн ай савд Идэрийн гол, харин Төв Азийн гадагш урсгалгүй ай савд Тэсийн гол, Хүнгүйн гол, Байдраг гол багтдаг байна.


Монгол Улсын нутаг дэвсгэрийг 29 усны ай савд хувааснаас Завхан аймаг дөрвөн ай савд хамаардаг онцлогтой. Үүнд Идэр голын сав, Увс нуур-Тэс голын сав, Хяргас нуур-Завхан голын сав, Дэлгэрмөрөн голын сав орно.


Эдгээрээс гадаргын усны нөөцөөр хамгийн их нь Увс нуур–Тэс голын сав, харин хамгийн бага нь Хяргас нуур–Завхан голын сав газар байна. Харин газрын доорх усны нөөцөөр хамгийн их нь Хяргас нуур–Завхан голын сав, хамгийн бага нь Идэр голын савд ногдож байна. Энэ нь Завхан аймаг гадаргын усны сүлжээ харьцангуй ихтэй боловч усны нөөцийн хэмжээгээр баруун бүсийн хэмжээнд бага байгааг харуулж байна.


Иймд усны нөөцийг хамгаалах, гадаргын усанд хамгаалалтын бүс тогтоох, ашиглалтыг зохистой хязгаарлах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг холбогдох байгууллага онцолжээ.


Газрын доорх усны нөөц багатай Идэрийн гол нь Отгонтэнгэр уулын ар хажуугаас эх авч 452 км урсдаг томоохон гол юм. Идэр голын савд Завхан аймгийн Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул сумын нутаг дэвсгэр хамрагддаг. Тус голд Жаргалант, Тарвагатай, Дунд, Эхэн, Зарт, Цэцүүх, Харзат, Нүхт, Шумуултай, Гунз зэрэг олон гол горхи цутгадаг байна.


Голын өргөн Тосонцэнгэл сумын төв хүртэл 10–15 метр, үндсэн урсгалдаа 40–60 метр, харин түүнээс доош хэсэгтээ 80–100 метр хүртэл өргөсдөг. Идэр голын урсцын 20–30 хувь нь газрын доорх ус, 25 хувь нь хайлсан цас, 45–55 хувь нь борооны усаар тэжээгддэг байна. Олон жилийн дундаж урсац Идэр сум орчимд 7.8 м³/с, Тосонцэнгэл сум орчимд 16.3 м³/с хүрдэг бөгөөд 7–9 дүгээр сард хамгийн их урсац ажиглагддаг.


Идэр голоос ашиглаж болох усны хэмжээг дунд хэсгийн олон жилийн дундаж урсцын 5–8 хувь гэж тогтоосон байдаг. Үүний дагуу Тосонцэнгэл орчимд 0.81–1.3 м³/с буюу жилд 25.7–41.2 сая м³ ус ашиглах боломжтойг Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа мэдээллээ.

Идэр гол цөнгөө түрж байна. Гэрэл зургийг: Н.Сүхбат, Б.Баяр

Related news