ЗАВХАН: Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд газрын гадаргын үнэлгээг ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-20 11:55:28

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймагт аялал жуулчлалыг цогцоор хөгжүүлэх зорилгоор газрын гадаргын үнэлгээг хийж, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусган судалжээ.


Газрын гадаргын хотгор, гүдгэр, ялангуяа налуу болон шигүү байдал нь тухайн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын бааз байгуулах, зам тээврийн сүлжээ хөгжүүлэх, аялал зохион байгуулахад голлох нөлөө үзүүлдэг хүчин зүйл юм.


Мөн барилга байгууламж барих, тээврийн хэрэгслийн туулах чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул гадаргын бүтэц, чулуулаг, хотгор, гүдгэрийг нарийвчлан тооцох шаардлагатай байдаг.


Энэхүү судалгаанд Завхан аймгийн гадаргын налуу болон шигүү гэсэн хоёр үндсэн үзүүлэлтийг аргачлалын дагуу үнэлсэн байна. Түүнчлэн уур амьсгалын үнэлгээг аймгийн цаг уурын харуулуудын олон жилийн дундаж мэдээ, холбогдох суурь судалгааны материалд тулгуурлан хийжээ.


Судалгааны дүнгээр аймгийн зүүн өмнөд хэсгээс баруун хойш чиглэсэн бүсэд аялал жуулчлал хөгжүүлэхэд тохиромжтой уур амьсгал бүхий нутаг илэрсэн байна. Нийт нутгийн 28.2 хувь буюу 2.3 сая гаруй га талбай нь тохиромжтой, 30.49 хувь буюу 2.5 сая га орчим нь хязгаарлагдмал тохиромжтой, харин 41.3 хувь буюу 3.4 сая га гаруй нь тохиромжгүй үнэлгээтэй гарчээ.


Тухайлбал, Тосонцэнгэл, Тэлмэн, Нөмрөг, Асгат, Баянтэс суманд хүйтний улирал эрт эхэлж, цас ихээр ордог онцлогтой тул өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ (цас, мөсний баяр, чаргатай аялал зэрэг)-ийг хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.


Гадаргын ус, рашааны үнэлгээгээр Завхан аймаг нь Идэр, Увс нуур–Тэсийн болон Хяргас нуур–Завхан голын сав газарт хамрагддаг бөгөөд Хар нуур, Тэлмэн нуур, Баяннуур, Тэс гол, Завхан гол зэрэг усны нөөц арвин, сүлжээ сайтай бүс нутагт тооцогддог. Ус, рашааны нөөцийн хувьд аялал жуулчлал хөгжүүлэхэд тохиромжтой талбай нь нийт нутгийн 13.08 хувь буюу 1.07 сая га, хязгаарлагдмал тохиромжтой нь 54.1 хувь буюу 4.46 сая га, харин 32.81 хувь буюу 2.7 сая га нь тохиромжгүй үнэлгээтэй гарсан байна.


Аялал жуулчлал нь байгалийн үл шавхагдах нөөцөд тулгуурлан эдийн засгийн өндөр өгөөж бий болгох боломжтой салбар тул дээрх судалгаа, үнэлгээ нь аймгийн аялал жуулчлалыг бодлогын түвшинд цогцоор хөгжүүлэхэд чухал суурь баримт болно гэж Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдээллээ.


Related news